| | USD/MNT 0₮
“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр /2023.10.31/ болов.
Тус хурлын үеэр Б.Ганхуяг “Есдүгээр сараас хойш миний биеийн байдал сайнгүй байна. “Тууралт маань ясандаа хүрэх гээд байх шиг байна. Зураг аваад, баримт болгоод өгөөч” гэж 461 дүгээр хорих ангийнханд хүсэлт тавьсан ч авч өгдөггүй юм билээ” гэх түүний мэдээлэл мөн ар гэрийнх нь зүгээс Б.Ганхуягийг хордуулсан байж болзошгүй гэж мэдээлсэн. Уг асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодрууллаа.
Хоригдогч Б.Ганхуяг нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. Түүнийг анх хүлээн авах үеийн эмчийн үзлэгээр хоёр хөлийн шилбээр хуучин шарх, соривжилт шархлаатай, маажсан соривтой байсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж буй зурагт хөлийн шилбэн дээрх өөрчлөлт нь цагдан хоригдохоор ирэх үеийн байдлаас нэмэгдээгүй бөгөөд шинээр гарсан тууралт, үрэвсэлгүй, хуучин соривжилттой харагдсан байна. Б.Ганхуяг нь хоригдосноосоо хойших хугацаанд эмчийн хяналтад байсан бөгөөд тус ангийн нэгдсэн эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлсэн. Хамгийн сүүлд буюу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр түүнийг биохими, дархлал судлал, цусны ерөнхий, шээсний ерөнхий, цээжний зураг, хэвлийн эхо шинжилгээнд хамруулж, тус ангийн эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Хоригдогч Б.Ганхуягийн биеийн эрүүл мэндийн байдал одоогоор тогтвортой байна.