| | USD/MNT 0₮

Монголбанк арилжааны банкуудын “500 тэрбум” төгрөгийг хянаж чадаагүйгээс Монгол улс сааралтлаа

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д багтах эрсдэл үүссэн нь олны анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё. Отгонбаяр ФАТФ-ын талтай уулзаж ярилцаж байгаа ч асуудал тун хүнд байгаа талаар жиргэж, Монгол дахь хариуцсан хүмүүсээс хариуцлага нэхсэн байсан.

Монгол Улсыг  “саарал жагсаалт”-д оруулвал олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах, гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болох, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх, улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг маш их эрсдэл тулгараад байна.

 

Мөн эдийн засагч, судлаач шинжээчид ч мөн  Монгол Улс “саарал” жагсаалтад орох болсон шалтгааны талаар байр сууриа илэрхийлж эхлээд байна. Тухайлбал, эдийн засагч Д.Ангар өөрийн фейсбүүк хуудсандаа ” ОУВСан манай арилжааны банкуудад шалгалт хийж. Шалгалтын үр дүнд нэр бүхий банкуудыг дүрмийн сангаа нэм гэсэн шаардлага тавьж. Нөгөө хэд нь ч хаанаас ч юм 700 тэрбум төгрөг олоод ирж. За одоо дүрмийн сангаа нэмсэн эх үүсвэрээ тайлбарла гэдэг шаардлага тавьж, 200 тэрбум төгрөг нь асуудалгүй байжээ. Харин үлдсэн 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ өнөөг хүртэл тайлбарлахгүй байгаа юм байна. Энэ 500 тэрбум төгрөг террорист үйл ажиллагаа явуулдаг ISIS эсвэл Al Qaeda бүлэглэлийн мөнгө байх эрсдэл байгаа юу? Эх үүсвэр нь тодорхойгүй учраас шалгалт хийж байгаа хүмүүст тэгж хардах эрх нь бий. Тиймээс л манай банкуудыг дүрмийн сангаа нэмсэн 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ тайлбарла гэдэг шаардлагыг өнөөг хүртэл тавьсан ч нөгөө хэд нь гүрийсээр байгаа аж. Ингээд аргагүйн эрхэнд улсаараа мөнгө угаалтын “Саарал Жагсаалт”-д орох нөхцөл бүрдэж. Баярлалаа банкууддаа!!! ” хэмээн бичсэн байна. Үүнийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүлээн зөвшөөрч “Банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр “саарал жагсаалт”-д орох нэг шалтгаан болж байна” гэж ярьсан байдаг.

Мөн өнгөрөгч долоо хоногт л гэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор  УИХ-ын харьяа МонголБанк, Санхүүгийн зохицуулах хороог дуудаж эдгээр байгууллагууд ажлаа дутуу хийсэн, саарал жагсаалтад орох эрсдэл үүсгэсэн талаар ярьж, үүрэг даалгавар өгсөн байдаг. Энэ үеэр “саарал жагсаалт”-д орох бодит эрсдэл үүсчихээд байхад үйл ажиллагааныхаа тайланг муу хамгаалсан, хариуцсан ажлынхаа чиглэлээр үр дүн гаргаж чадаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэдгээ ч хэлж байгаа юм.

Монгол Улс  хэрвээ  “саарал жагсаалт”-д орчихвол үүсэх нөхцөл байдал нь энгийн иргэдийн амьдралд ч нөлөөлнө гэдгийг дээр доргүй ярьж байгаа. Харамсалтай нь арилжааны банкуудад хяналт тавих үндсэн үүрэгтэй Монголбанк ажлаа хариуцлагатай хийж чадаагүйгээс өнөөдөр  Монголын банкны салбарт орж ирсэн “500 тэрбум” төгрөгийг хаанаас хэн оруулж ирсэнд хариулт хэлж чадах хүн алга байна.

Ийм байхад УИХ, Засгийн газар өнөөдрийг хүртэл ажилдаа хариуцлагагүй хандаж, Монгол Улсыг ФАТФ-ын “саарал жагсаалтад” оруулах үүдийг нээсэн Монголбанкны удирдлагууд, Санхүүгийн зохицуулах хорооны  удирдлагуудад хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй байна. Өнөөдөр Монголын мөнгөний зах зээлд “эзэнгүй” эргэлдэж байсан 500 тэрбум төгрөгийг ОУВС-гийн “ачаар” илрүүллээ. Өөр хичнээн тэрбум төгрөг хаана, ямар салбарт эсвэл юунд эргэлдэж байгааг таашгүй. Монгол улс эзэнгүй байна. Тэр тусмаа эдийн засаг, мөнгөний зах зээл  нь “эзэнгүй” болсны хариуцлагыг хэн хүлээх вэ.

Монгол Улсыг  “саарал жагсаалт”-д оруулвал олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах, гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болох, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх, улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг маш их эрсдэл тулгараад байна.

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.