| | USD/MNT 0₮

Шөнийн цагаар 80 орчим хүнд үйлчилж байсан цахим тоглоомын газрын үйл ажиллагааг таслан зогсоолоо

Улсын онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр гуравдугаар сарын 30-ныг хүртэл манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Захирамжид “Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосугай” гэжээ.

Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04.00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00.00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.

Уг захирамжийн биелэлтийг шалгахаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ.

Эхлээд иргэний мэдээллийн дагуу БГД-ийн 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газрыг шалгахад дотроосоо түгжин, 80 гаруй хүнд үйлчилж байгаад баригдлаа. Тус газарт ЕБС-ийн сурагчид болон насанд хүрээгүй иргэд олноор үйлчлүүлж байсан тус цагдаагийн байгууллагаас хууль бус үйлдлийг таслан зогсоолоо.

Дараа нь БГД-ийн V хороонд Гранд караоke гэх газарт архи согтууруулах ундааг шөнийн цагаар, мөн тус дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт иргэд архи, согтууруулах ундааг гар дээрээс “шагалж” худалдан борлуулж байсныг илрүүлж, хариуцлага тооцсон юм.

Бид тухайн иргэн болох Г-ээс зарим зүйлийг тодруулахад “Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байхад шагаар архи, согтууруулах ундаа зарж байсан нь үнэн. Энэ бол миний буруу. Гэхдээ заримдаа зарахаас өөр аргагүйд хүрдэг. Би нялх хүүхдүүдтэй, эхнэр жирэмсэн. Коронавирусээс болоод ихэнх ажлууд зогсчихлоо. Дийлэнх газрууд үүд хаалгаа барилаа. Түлээ, нүүрс, хоол ундаас эхлүүлээд мөнгөний зайлшгүй шаардлага үүссэн учраас би ийм алхам хийсэн. Гэхдээ ямар ч байсан би худлаа ярихгүй, хулгай хийхгүй. Өдрийн орлогын хувьд янз бүр. Шөнийн 12 цагаас хойш зогсоод 100-200 мянган төгрөгийн орлого олдог. Нэг том шар айргийг 10 мянган төгрөгөөр зарж, гурван мянган төгрөгийн ашиг олдог” гэлээ.

Энэхүү хяналт шалгалтын талаар НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 108 дугаар захирамжийн хэрэгжилтийг газар дээр нь очиж шалгалаа. Мөн цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй “Сар шинэ – 2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа. Өнөөдөр гэхэд Засаг даргын захирамжийг зөрчсөн зургаан удаагийн зөрчил дутагдлыг илрүүлэн ажиллалаа. Захирамжаас гадна Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн 10 гаруй тохиолдлыг илрүүллээ. Ялангуяа энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн дуудлага мэдээлэл баасан, бямба гарагуудад ихэсдэг. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд маргалдах, улмаар зодолдох зэрэг зөрчлүүдийг гаргаж, эрүүлжүүлэх байруудын ачааллыг нэмэгдүүлдэг. Хоногт ойролцоогоор 220 иргэн эрүүлжүүлэгддэг байсан бол захирамж гарснаар энэхүү явдал буурсан эерэг үзүүлэлттэй байна. Гэхдээ цагдаагийн байгууллагаас гэнэтийн шалгалтыг хийхэд хууль, тогтоомжийг үл тоож буй аж ахуйн нэгжүүд хууль бусаар үйл ажиллагаагаа явуулсаар байна. Иймд манай улс коронавирус буюу “COVID-19”-ийн халдвар тархах өндөр эрсдэлтэй улсын тоонд багтаж буй өнөө үед ард иргэдийг дор бүрнээ сэрэмжтэй байж, гаргасан хууль тогтоомж, захирамжийг дагаж мөрдөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” хэмээн онцоллоо.

Шөнийн цагаар 80 орчим хүнд үйлчилж байсан цахим тоглоомын газрын үйл ажиллагааг таслан зогсоолоо
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.