| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн зөвлөхөөр ажиллаж буй Б.Дэмбэрэл бусдаас 200 сая төгрөг авсан гэх гомдлын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байна гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан. Энэ асуудлын талаар Б.Дэмбэрэл өнөөдөр мэдээлэл хийлээ. “Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн надтай холбоотой илт худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацаж эхэллээ. Миний бие Пүрэвсүрэнгийн Уянга гэх эмэгтэйг танихгүй, Саяан-жигүүр гэдэг компаныг бүр ч мэдэхгүй. Энэ асуудлын цаана зохион байгуулалттайгаар улс төр хийж байгаа улс төрчид байгаа гэж би хардаж байна. Хардах үндэслэлүүд байгаа. Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нарыг харлуулахын тулд намайг хавчиж улс төрд цэвэр явж байгаа залуучуудыг намын жагсаалтад орох вий гэдэг айдастай улс төрчдын хийж байгаа зохион байгуулалтай ажил гэж хардаж байна. Тиймээс би хуулийн байгууллагад хандаж өөрийн нэр төрийг сэргээж, энэ хэрэгт холбогдолгүй гэдгээ нотолно” хэмээлээ.