| | USD/MNT 0₮
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нь 177 тэрбумын бонд гаргаж түүгээрээ урд хөршөөс хагас коксжсон нүүрс худалдан авч утааны асуудлыг шийдэх шийдэл нь олны эгдүүцлийг төрүүлсэн.
Тэгвэл тэрээр энэ төслөө зүтгүүлсээр урд хөршөөс хагас коксжсон нүүрс авах нь нэгэнт тодорхой болжээ. Өчигдөр /2023.08.30/ өдрийн Засгийн газрын хуралдааны дараа тэрээр сэтгүүлчдэд тайлбар өгөх үеэрээ “Үнэхээр 177 тэрбум биш 32.5 тэрбум төгрөгөөр галлагааны сайжруулалтыг хийж үзье гэж байгаа юм. Улаанбаатар хотын хувьд цөөн тооны айлууд дээр туршилт явуулья гэсэн юм. 230 мянган өрх дээр биш 23 мянган өрх дээр туршиж үзье гэж байгаа юм” гэлээ. Шууд утгаараа хагас коксжсон нүүрс худалдан авч Нийслэлчүүдийг туршилтанд оруулая л гэсэн санаа.
Хэрэв зээ утаа буурахгүй бол эрхэм сайд хариуцлаг хүлээх болов уу?
Энэ үеэр мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хүссэн хүсээгүй манайх урд хөршөөс нүүрс авна гээд хэлээд амжив. Энэ бүгдээс харахад заавал нүүрс худалдаж авах нь тодорхой болох нь.
Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 540 орчим мянган тонн шахмал түлш хэрэглэж байна. Нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд мидлингээ үнэгүй авч байгаа хэр нь 450,000 төгрөгийн өртөгтэй. Харин ард иргэдэд 150,000 төгрөгөөр борлуулдаг байна.
Өнгөрсөн галлагааны жилүүдэд иргэдээс утаа их байгаа талаар шүүмжлэл гарсан. Тиймээс туршилт хийж үзжээ. Эхний ээлжид түүхий эдийг солих буюу одоо байгаа мидлинг хагас коксжих нүүрсээр солих туршилт хийсэн байна. Үүнд Орчны бохирдлыг бууруулах газраас 242 сая төгрөг гаргаж БНХАУ-ын үйлдвэрүүдэд очиж судалгаа хийлгэсэн байна. Цаашилбал, Солонгос, Японы туршлагыг судалж үзэж бусад орнуудын туршлагаас судлахдаа Хятадад байгаа технологийг хэрэглэх шийдвэр гаргажээ. Ингэхдээ, 80 тн хагас коксжих түлшийг импортоор оруулж зүүн, баруун хоёр үйлдвэрт шахмал түлшийг үйлдвэрлэсэн. Нийт 97 удаагийн галлагаа хийж, үр дүнг нь лабораторит шинжлүүлжээ. Туршилтын дүнгээр мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3 болсон байна. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан гэх судалгаа гарчээ.
Хэрэв, Нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал нь дэмжигдсэн бололтой.
Д.ЦЭГЦ