| | USD/MNT 0₮
Гол тоглогч номонд түүнийг ийн сийрүүлжээ. Түүнийг хэн ингэж хэлэв, хэн хүлээн зөвшөөрөв, Ардчилсан намд түүнээс өөр лидер байхгүй юу? олон асуултын хариултыг хайв.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж аавын хаалга татсан нь саяхан. Гэвч Швейцарь болоод Монголын шүүхээс түүнийг цагаатгасан нь сонирхол татна. Нэг сая ам.долларыг мартаж хадгаламжандаа хийсэн нь илэрч, Монголыг Хятадын нэгээхэн хэсэг мэтээр ярьж, сайдын гарын тамгыг дарж явсан Төрийн тэжээвэр түшмэл С.Баярцогт Ардчилсан намын дэд дарга боллоо.
Улс төрийн нөлөө бүхий эрхмүүд түүнийг лав сайшаасангүй. Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, улс төрийн томоохон фракцууд. Харин түүнийг Ардчиллын хүсээгүй хүүхэд гэдгийг нь МАСС хүлээн зөвшөөрөв.
ТҮҮНИЙГ ТӨРД ДАХИН ХӨЛ ТАВЬЖ БОЛОХГҮЙ ШАЛТГААН.
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ
Түүнийг сангийн сайдаар ажиллаж байх үед Оюутолгойн гэрээ хоёр ч удаа УИХ-аар орсон байдаг. Түүний дараагаар 2009 онд ОТ-н гэрээг С.Баярцогт толгойлж Монголын тал 34 хувь, 30 жилийн 17 хувийг нэмж авахаар тусгасан гэрээнд Сангийн сайд асан С.Баярцогт 2009.10.09-ны өдөр үзэглэсэн нь манай улсад ямар ч өгөөжгүй гэрээ хийгдэж ард нь асар их мөнгөний үнэр үнэртэж эхэлсэн гэхэд болно.
ОФФШОР
Түүний оффшор данс ил болмогц тэрээр 2013 онд нэг сая ам.доллараа Швейцарын дансанд хадгалуулаад, түүнийгээ мартсан хэмээн мэдэгдэж байлаа. Мөн тэрбээр “2008 онд Хонконгод явж байхдаа оффшор бүсэд данс бүртгүүлсэн. Оффшор компани бүртгүүлэх 30-хан минутын асуудал юм билээ. Харин дансаа хаахад зургаан сараас нэг жилийн хугацаа шаарддаг. Гэхдээ би тэр нээлгэсэн дансаа огт ашиглаж чадаагүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.
Түүний дараагаар Швейцарийн Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгсөн байдаг. ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж аавын хаалга татах эхлэл нь тавигдсан юм. Булавч бултайна гэдэг нь энэ.
САЙДЫН ТАМГА, ГАРЫН ҮСЭГ
Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал ингээд дууссангүй. Мань хүн Монголыг Хятадын нэгээхэн муж гээд тунхагласан гэх мэдээлэл сэрт хийлгэв.
Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Ер нь төрийн сайд хүн өөрийнхөө улс орны нэрийг бичихдээ бусад орны харьяат гэж бичээд, түүн дээрээ гарын үсэг зурна гэдэг нь хариуцлага ярих ёстой асуудал. С.Баярцогт гэдэг хувь хүний улс үндэстнийхээ эрх ашигт хандсан хандлагын асуудал бол ганцхан энэ данстай холбоотойгоор биш, ганц ОТ-той холбоотой биш, өөр бусад олон асуудлуудтай холбоотойгоор яригдах үндэслэлүүд байгаа” гэсэн нь сонирхол татав. Дансны мэдээлэл, элдэв гэрээ хэлцэлийн цаана үнэхээр Монголын газар нутгийн нэгээхэн хэсгийг тавиад туучихаж ч байсан юм билүү хэн мэдлээ.
Энэ мэт мөсөн уулын орой дахь ил цагаан баримтуудаас С.Баярцогтыг яав ч Монголын төрд дахин хөл тавих боломж олгохгүй байх нь Ардчилсан намд баймаар юм. Гэвч Лу.Гантөмөрт тэгэж санагдаагүй бололтой.
Д.ЦЭГЦ