| | USD/MNT 0₮
Нүүрсний гэх тодотголтой хэргийн Хянан шалгах түр хорооны хурал Төрийн ордонд боллоо. Тус хурлаар түр хорооны даргыг сонгосон байна. Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналтай гишүүдийн саналыг авахад Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, М.Оюунчимэг нар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өөрийн нэрийг дэвшүүлсэн юм.
Гэсэн ч олонхын саналаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар түр хороог даргалахаар боллоо. Тэрбээр: “Улсын Их Хурлын даргын захирамжаар Улсын Их Хурлын гишүүний хувиар Хянан шалгах түр хорооны гишүүнд томилогдсон. Хянан шалгах түр хорооны гишүүд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт шалгалтын ажлыг явуулах үүрэг хүлээж байгаа. Хууль тогтоомжийн хувьд зөрчилдөөнтэй зүйл байхгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Хянан шалгах түр хорооны дарга түр хорооны зохион байгуулалтыг л удирдаж явахаас бус, ганцаараа асуудал шийдэхгүй. Хянан шалгах түр хорооны гишүүд адил тэнцүү саналын эрхтэй оролцож, шинжээчээ сонгож, томилж, нотлох баримтуудаа шинжлэн судалж, нээлттэй хэлэлцүүлгүүдээ зохион байгуулна. Олон нийтэд далд байгаа мэдээллийг ил болгож, олон нийтийн хяналт дор тэдний хардаж буй асуудлуудыг ил болгоно” гэлээ.