| | USD/MNT 0₮
2023 оны наймдугаар сарын 23-ны Засгийн Газрын хуралдаанаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах асуудлыг хөндөж мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр, нийслэлд сургуульгүй 50, цэцэрлэггүй 17 хороо байна. Нарны болон Маршал, Хүннү зэрэг хорооллыг барьдаг. Томоохон хороолол барьж буй компаниуд барилга эхлүүлж, А даалгавар авахдаа сургууль, цэцэрлэгийн газар төлөвлөдөг ч эцэстээ зарчихдаг.
"68 сургууль дээр бид онцгойлон ажиллалаа. Эдгээр сургуулиуд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсэж 50 мянга гаруй хүүхдийн асуудал хөндөгдөж байна. Үүнээс Улаанбаатар хотод 47 сургуульд 40 мянган гаруй хүүхдийн асуудал үүсэж байна. Шинээр 35-40 мянган хүүхэд нэмэгдэж байгаа учир анги танхимын хэрэгцээ шаардлага үүсээд байна.
Энэ ондоо удаашралтай байгаа 74 сургууль, цэцэрлэгийн ажлыг эрчимжүүлнэ. Тухайлбал, СХД-ийн 12-р сургууль гурван жилийн нүүрийг үзэж байна. V болон 71-р сургуулийн барилгын ажил дууссан ч, цоожлоод алга болчихсон. 62 болон 12-р сургууль арваннэгдүгээр сард ашиглалтад орно.
Барилгын 23 компанийн ажлыг зогсоож, хар жагсаалтад оруулах гэж байна. Барилгын тендер аваад будилуулсан компаниуд юм. Иймд төрөөс тендер авах эрхийг нь хориглоно.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84-р сургууль, Эрдмийн өргөө цогцолбор 6000 сурагчтай. Нэг сургуульд ийм олон сурагчтай байхад сургалтын чанарын тухай ярих нь учир дутагдалтай. Тийм учраас их сургуулиудыг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургуулийг нийслэлд энэ хичээлийн жилээс зохион байгуулна. ШУТИС, МУИС, ХААИС-ийг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургууль байгуулна.
Сургуулийн зориулалтын бус объектуудыг худалдаж аваад ашиглахаар зорьж байна. Нийслэлээс гаргах 500 тэрбум бондын 100-г нь боловсрол буюу гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудад зориулж зарцуулна” хэмээлээ.