| | USD/MNT 0₮
Нүүрснээс өөр орлогогүй шахам эдийн засаг нь урд хөршөөс хараат Монгол Улсын хувьд үйлдвэрлэгч орон болохоор зорьж буй. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш. Хэрэв уг бодлого ажил хэрэг болбол эдийн засаг богино хугацаанд тэлж, уул уурхайгаас хараат бус болох нь тодорхой.
Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж тусгаар тогтнолоо тунхаглаад 112 жил, Ардын хувьсгал ялаад 102 жил болж байхад гангийн үйлдвэргүй ийм олон жил болсон нь харуусалтай. Эцэст нь аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд гангийн үйлдвэрийг барихад Хятадтай хамтрахаар боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан БНХАУ-д айлчлах үеэр ийнхүү талууд тохиролцсон. Баярлах мэдээ биш. Хэзээ баригдах нь тодорхойгүй. Дээр нь үндэсний үйлдвэрлэгчид ч биш худалдааны түншээ “царай алдах”-аар болж байна. Нөгөөтэйгүүр, гангийн үйлдвэрийг барихад Хятадын талтай хамтрах болсон нь Дарханы төмөртэйн ордуудыг эзэмших сонирхол урд хөршид эртнээс байсан уу гэх хардлага дагуулж буй. Магадгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд шилжүүлсэн нь үүний эхлэл байсныг үгүйсгэх аргагүй.
Хэрэвзээ түншлэгч орны тусламжтай гангийн үйлдвэртэй боллоо ч айлын тал гэдийхэд энд үнийн өсөлт, хомсдол бий болно, барилгын салбар тэг зогсоно. Цементийн салбар юу боллоо. Эдийн засаг ийм л хэврэг байгаа нь гашуун үнэн.
Үйлдвэрлэгч орон болоход хамгийн түрүүнд эрчим хүч цахилгааны асуудал, дараа нь төмөрлөгийн үйлдвэр, гангийн үйлдвэр хэрэгтэй гэх алтан томьёолол бий. Өнөөдрийг хүртэл эрчим хүчний төслүүд цаасан дээрээ өтөлж, хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байхад хувийн хэвшлээс үйлдвэр барьсангүй гэж буруутгасан нь ч тэр тавилттай жүжиг байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь эрх баригчдын “эрх ашиг” хөндөгдөх учраас тэр.
ТӨРИЙН ӨМНӨӨС ХУЛГАНА БООЖ “ҮХДЭГ”
Уул уурхай металлургийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир ярихдаа “Концессын гэрээ батлагдахтай зэрэгцэн цахилгаан эрчим хүчний төслүүдээ хөдөлгөх ёстой байсан. Гэтэл өнөөдөр нэг ч цахилгаан станц байхгүй. Үйлдвэр барьсан ч тоггүй. Цахилгаангүй бол үйлдвэр ажиллахгүй гэдгийг бүгд мэднэ. Ажиллах боломжгүй үйлдвэрийг барьсангүй гэж буруутгаж байна” гэж хэвлэлийнхэнд мэдэгдэж төрийн ордны гадна зогсч байв. Тэр өнөөдөр ч “No double standart”-ийн эсрэг хүчтэй тэмцсээр яваа жирийн нэг бизнес эрхлэгчдийн төлөөлөл.
Тус компани 2014 оноос Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхээр концессын гэрээг байгуулсан юм. Харин өнөөдөр төр “Кью Эс Си” ХХК-ийг “үйлдвэр барьсангүй”, “гэрээний үүргээ биелүүлсэнгүй”, “төрийг хохироолоо” гэж буруутгаж байгаа. Угтаа бол дээр дурдсан шиг үйлдвэрлэгч орон болоход эрчим хүч, дэд бүтцээ шийдсэн байсан бол хилийн чанад руу урсах мөнгө дотоодод эргэлдэх байсан. Одоо Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг мартсан нь дээр. Энэ төслийн гол зорилго нь монголчууд өөрсдөө ган үйлдвэрлэдэг болох л байсан. Гэвч төрд шилжээд мянгуужингийн үлгэр боллоо.
МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ ХАЛТАЙ
Харамсалтай нь Эдийн засгийг тэлэх томоохон стратегийн чухал төслийг хэрэгжүүлэхээр зориг шулуудсан “Кью Эс Си” ХХК эцэст нь цаг хугацаа, хөрөнгөөрөө л хохирч байх шиг. Э.Шижирийн хэлснээр концессын гэрээ байгуулагдснаас Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах зорилтын хүрээнд 20 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт 600 орчим тэрбум төгрөг зарцуулж. Мөн түүнд шаардлагатай санхүүжилтийн зардал гэхэд 200 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. Хэрэв төр оролцоогүй байсан бол өдийд төсөл хэрэгжих нь тодорхой байх байсан. Нэг үгээр хэлэл, Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдгийг үлгэр л боллоо.
Товчхондоо, төмрийн хүдэр, коксжих нүүрсний арвин нөөцтэй, энэ төрлийн түүхий эд баялгаар бүс нутагтаа дээгүүр бичигддэг Монгол Улс барилгын төмөр хийцээ хилийн чанадаас импортлох сонирхолтой байгаа бололтой.
Ирэх 2030 он хүртэл жилд 300 мянган тонн арматур хилийн чанадаас худалдан авна гэж “Барилга.мн”-ийн судлаачид тооцож байна.Монголчуудын хувьд дотоодын эрэлтээ хангахын тулд жилд дунджаар 130-150 сая ам.долларын арматур импортолдог. Энэ дүнгээр тооцвол ирэх 10 жилд бид багаар бодоход 1.3-1.5 тэрбум ам.долларыг арматур авахын тулд хилийн чанад руу урсгаж, ийм хэмжээний валютыг гадаад зах зээлд алдах нь. Цаашлаад арматур дагасан валютын урсгал улсын төлбөрийн тэнцэлд дарамт болж, төгрөгийн ханш сулрах бас нэг шалтгаан болно. Тиймээс хилийн чанадаас валютаар тус бүтээгдэхүүнийг худалдан авах дотоодын иргэд, бизнес эрхлэгчид ханшийн савлагаанд хэтэвчээ сэгсрүүлэх эрсдэлийг мартаж болохгүй. Бид дотоодын үйлдвэрлэлээ бэхжүүлж чадаагүйгээс үүдэлтэй ийм олон сөрөг нөлөө Монголын эдийн засагт учрах төлөвтэй.