| | USD/MNT 0₮
2022.0.4.13 Засгийн газрын ээлжит хуралдаанаар төр-хувийн хэвшлийн түншлэгч болох “Кью Эс Си” компанийн концессын гэрээг гэнэт цуцлах шийдвэр гарсны дараа төмөрлөгийн үйлдвэрт төрийн дарга, даамлуудын гэр бүл, найз нөхөд, цүнх баригчид намчид нь очив. Ингэхдээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн 124 дүгээр тогтоолоор дөрөвдүгээр сарын 14-нд Шинэхүүг төрийн өмчийн төлөөлөгчөөр дөрөв хоног томилоод удалгүй чөлөөлөв. Түүний суудалд Төрийн өмчин бодлого зохицуулалтын газрын дэд даргаар ажиллаж байсан А.Ариунболд очсоноор бялуу хуваалт эхэлдэг. Түүний хувьд төмрийн чиглэлээр ямар ч ойлголтгүй, хуульч мэргэжилтэй. Өмнө нь хэд хэдэн дэд даргын албан тушаал хашиж байв. Инженер биш хуульч томилсон нь албан тушаал нэхсэн хүмүүсийг нэг нэгээр байрлуулах зорилго тодорхой болов.
Шинэ албан тушаал, даргын суудалд очсон А.Ариунболд нь нэн түрүүнд өөрийн төрсөн дүү А.Энхмааг нарийн бичгийн туслахаар авчээ. Дараа нь, “Ямар ч байсан төр та хэдийнхээ л төлөө явж байгаа” гэж үйлдвэрийн гадна жагсч байсан Б.Золзаяа Төмөртэй уурхайн “хурган” дарга болов. Мөн Дархан хотын Цахилгаан холбооны даргаар ажиллаж байсан Ж.Уранчимэг А.Ариунболдын урилгаар үйлдвэрийн хүний нөөцийн даргаар томилогдов. Үүгээр зогсохгүй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн багын найз Г.Ганбаярыг хүртэл “хурган” даргаар томилов. Харин үйлдвэрийн ажиллагсад тэдний золиосонд явж орон тооны цомхотголд ээлж дараалан орж, ажилгүйчүүдийн эгнээнд элсэв. Ингэхдээ байгууллагын тархи, зүрх нь болсон хүмүүс ч багтсан байсныг “Кью Эс Си” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир сэтгүүлч С.Будрагчаатай ярилцах үеэр хэлсэн байдаг. Энэ тухай ярихдаа “Бидний хувьд хүн ажлаа хийж чадаж байгаа бол ажиллах л хэрэгтэй гэж үздэг. Манай аж үйлдвэрийн гавьяат Цэрэннадмид (Надиа) дарга тэтгэвэрт гарах нас нь дөхөж яваа. Гэхдээ тэтгэвэрт гарсан ч зөвлөхөөр ажиллуулах бодол байсан. Гэвч явуулсан байна билээ. Мөн л манай Энхчулуун захирал. Төрийн хэмнэлтийн хуулиар чөлөөлсөн байсан. Тэр минерал процессинг чиглэлээр Ленинград, АНУ-д суралцаж байсан чадварлаг боловсон хүчнийг нь явуулах нь хэмнэлт биш маш том алдагдал юм. Аав нь бас манай үйлдвэрт ажиллаж байсан” гэж дурсчээ. Үүгээр зогсохгүй мөн адил үйлдвэрийн арын алба болсон хүний нөөцийн албаны дарга, жолооч, нягтлан бодогч зэрэг хүмүүсийг чөлөөлж. Ажлаас халагдсан хүмүүсийн төлөөлөл “төрийн найр” нэвтрүүлгийн гол зочдын нэг байлаа.
Тэдний төлөөлөл жолоочоор ажиллаж байсан эрэгтэй бялуу хуваалтаар ирсэн Ж.Уранчимэгийн тухай ярихдаа “Уранчимэг томилогдсноор олон хүнийг дарамталсан. Өрөөндөө дуудна, уулзалтын өрөөнд дуудна, утсаа хураалга гэнэ. Манай төмөрлөгийн үйлдвэр чинь хууль хяналтын байгууллага биш шүү дээ. Тусгай объект биш. Утсаа яагаад хураалгаж байгаа талаар асуухад дотоод журам гэдэг. Томилогдож ирээд нэг хэсэг галзуурсан шүү дээ. Хүн халахад. Долоо хоногтоо нэг дуудаж дарамтална. Хална, явуулна л гэдэг. Ийм л зүйл ярьдаг хүн” гэснийг нь хайхрахгүй орхиж болохгүй. Энэ дагуу С.Будрагчаа Ж.Уранчимэгээс ажлын байрны дарамтын талаар ам асуусныг хүргэе.
-Та 2022 оны зургадугаар сараас хойш олон хүнийг үндэслэлгүй ажлаас нь чөлөөлж, дарамталсан гэх асуудал яригдаж байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу, ямар асуудал үүсэв?
-Тийм асуудал байхгүй /инээв/. Хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээний дагуу л хүний нөөцийн хэлтэс үйл ажиллагаа явуулж байгаа.
-Гэхдээ таныг маш олон хүнийг чөлөөлж, төрсөн дүүгээ дөрвөн албан тушаалд томиллоо гэж байна шүү дээ?
-Ийм асуудал байхгүй.
Үүнээс гадна дээр дурдсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн багын найз Г.Ганбаярыг хурган даргын суудалд томилсныг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав мэдсэнгүй. Г.Ганбаярын талаар Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн захирал Л.Наранбаатар 70 вагон цемент зувчуулсныг нь хэлдэг. Энэ хэргээр сахилгын шийтгэлээр Хөтөлийн цемент шохой үйлдвэрээс хөөгдөж халагдсан тухай ярьсныг хайхрахгүй өнгөрч болохгүй. Үүгээр зогсохгүй, Чингис хаан банкны Дархан Уул аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байсан Г.Ганболдыг хүртэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төрийн захиргаа үйлдвэрийн хэсгийн даргаар томилжээ.
Бялуу хуваалтаар МАН-аас томилсон А.Ариунболд нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт найрласны дараа хэдхэн сарын дотор үйлдвэр алдагдалд орж дампуурлын ирмэгт тулжээ. Шилэн дансны мэдээллээс л тайланд өссөн биш уруудсан үзүүлэлтүүд дурайж байгаа. Товчхондоо, 2021 онд 432 тэрбум төгрөгийн орлоготой байсан үйлдвэр 2022 оны тайлангаар орлого нь 100 тэрбум төгрөг хүрэхгүй байгаа нь асуудал.
Эрх мэдэл, албан тушаалын бялуу хуваалт ТӨХК-иуд болж байгаа нь улс орны хөгжлийн чөдөр болоод удлаа.
МОНГОЛЫГ ТӨР БИШ ХУВИЙН ХЭВШИЛ ХӨГЖҮҮЛНЭ
Өнгөтэй, өөдтэй гэснийг нь төр булааж, хувийн хэвшлээ дарамталдаг нь гэм биш зан. Гэтэл бүдэрч унасныхаа бурууг бусдаас хайдаг хүүхэд шиг харалган төрийн өмнө буруутан нь “Кью Эс Си” ХХК болов.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулж, гангийн үйлдвэртэй болох шаардлагатай гэдэг шийдвэр 2010 оны үед гарсан байдаг. Энэ дагуу “Кью Эс Си” ХХК шалгарч 2014 оноос Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Концессын гэрээг эзэмшигчээр ажиллаж байсан юм. Угтаа бол гэрээ батлагдахтай зэрэгцэн эрчим хүчний төслүүдээ төр царцаагаагүй байсан бол өнөөдөр эдийн засагт үр өгөөжөө өгөх нэгэн том чухал төсөл зогсоход хүрэхгүй байлаа. Одоо ч цахилгаан эрчим хүчний төслүүд мянгуужингийн үлгэр болж цаасан дээрээ өтөлж буй. Хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй эрчим хүчний төслүүдээс урьтаж Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ өөд нь татаж байсан хувийн хэвшлээ өөлөх нь хатуухан хэлэхэд төрийн өөрийн хохь. Гэтэл дэд бүтцийн асуудлаас үүдэн гангийн үйлдвэр баригдаагүй “Кью Эс Си” ХХК-иас удаа дараалан тайлбарласан ч төр нүдгүй, чихгүй юм шиг аашилсаар. Тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижир “Манай компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хүлээн авахад вагон худалдан авах ч санхүү хөрөнгө байгаагүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт гарт баригдах, нүдэнд харагдах бүтээн байгуулалтууд хийгдсэн. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Гангийн үйлдвэртэй зэрэгцээд цахилгаан эрчим хүчний төслүүд хийгдэх ёстой байсан. Өнөөдөр нэг ч цахилгаан станц байхгүй. Үйлдвэр баригдлаа гэхэд цахилгаан эрчим хүчгүй үйлдвэр ажиллах уу. Ажиллах боломжгүй тийм үйлдвэрийг барьсангүй гэж байна. Бид харин цахилгаан эрчим хүчний бага шийдэлтэйгээр ажиллаж болох гангийн үйлдвэрийн ТЭЗҮ-г шинээр боловсруулж, батлуулсан. Ажил эхлээгүй байхад гэрээг цуцалсан нь утгагүй зүйл гэж харж байна” гэсэн юм.
Хэрэв хувийн хэвшил төрийг хохироосон нь үнэн байсан бол өнөөдөр “Кью Эс Си” ХХК концессын гэрээг цуцлуулснаас хойш чимээгүй байх байсныг ч үгүйсгэхгүй. Тэд хийсэн зүйлтэй, хэлсэн үгэндээ эзэн болж чадах учраас л ийнхүү олон удаа тайлбар өгч, уулзалт хүртэл хийхийг шаардаж байгаа бололтой. Гэсэн атал төр өдийд хувийн хэвшлийнхний хийж бүтээсэн бүхнийг ТӨХК болгосноороо Монгол Улс хөгжих байсан бол урд хөрштэйгээ эн зэрэгцэх байлаа. Эсрэгээрээ төр хувийн хэвшилд итгэж хөшигний цаанаас оролцохгүй ТӨХК-иудаар бялуу хуваагаагүй бол эдийн засаг нь ядахдаа уул уурхайгаас хараат бус, хил хаагдахад үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнахгүй байсан биз. Наад захын Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессоор эзэмшүүлсэн найман жилийн хугацаанд хувийн хэвшилтэй хамтарвал ашигтай ажиллаж болдгийг “Кью Эс Си” ХХК нотолсон. Одоо цаг хугацаа харуулах л үлдлээ...
Үргэлжлэл бий...