| | USD/MNT 0₮

Ш.БАТХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХГҮЙ БОЛ 2021 ОНД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ХААГДАНА

“Жаст”-ын Ш.Батхүү нь одоогоос долоон жилийн өмнө Өмнөд африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, хуурамч гарын үсэг үйлдэн дөрвөн удаагийн зээлийн гэрээгээр нийт 109 сая ам.доллар авсан байдаг. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн олон жил шалгасан ч өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдэж, сэжигтэн Ш.Батхүү ял аваагүй, амралтын байдалтай ял завшиж явна.

Энэ асуудлаар хоёр жилийн өмнө Арбитрын шүүх дээр Монголын тал ялагдал хүлээснээр “Эрдэнэт” ТӨҮГ-ын Эрсдэлийн сангаас гэмт этгээд Ш.Батхүүгийн өмнөөс 40 сая ам.долларыг “Стандарт” банканд төлсөн билээ.

Ш.Батхүүд уг зээлийн маргаан ихээхэн ашигтай туссан. Тодруулбал, “Стандарт” банкнаас зээлсэн 109 сая ам.долларынхаа 69 сая ам.долларыг ор тас төлөөгүй үлдсэн. Үүнийг төлөх эдийн засгийн чадвар байхгүй гэж тайлбарладаг.

Мөн “Эрдэнэт”-ээс шүүхийн зардалд 37.8 тэрбум төгрөг зарцуулсан. Эдгээр өндөр дүнгүүдэд Ш.Батхүү эдүгээ ямар ч хариуцлага хүлээхгүй юм. Харин 40 сая ам.долларыг Ш.Батхүү эргүүлэн төлөх ёстой. Төлүүлнэ гэдгийг ч тухайн үед Засгийн газраас мэдэгдэж байсан.

Гэвч энэ асуудал бас шийдэгдээгүй, Ш.Батхүү өрөө төлөөгүй байна. Өр барагдуулах хэлцэл үргэлжилж байгаа гэхээс өөр мэдээлэл байхгүй.

Ийнхүү АТГ-т олон жил шалгагдсан Ш.Батхүүгийн хэргийг прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар шилжүүлээд замхарчээ. Анхан шатны шүүхэд хавтаст хэргүүд нь очсон ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Гэвч одоо хэрэг нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, албаны эх сурвалжуудаас тодруулахад тоймтой тодорхой мэдээлэл өгдөггүй.

Гэвч тэрбээр хугацаа хожиж, хөөн хэлэлцэх хугацаа дуусах нэрээр ял завших гээд байна гэсэн хардлага байгаа юм. Учир нь Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хуулиараа бол ирэх 2021 онд дуусах юм байна.

АТГ-ааас “Яллагдагч талаас хэрэг шалгах процесстой холбоотой гомдлуудыг удаа дараа үндэслэлгүйгээр гаргасан. Энэ нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөх зорилготой” гэж үзэж буйгаа зарим хуульчид мэдээлж байсан удаатай.

АТГ-аас Ш.Батхүүд хамаарах хэргийг өнгөрсөн 2019.01.07-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. Улмаар анхан шатны шүүхээс 2019.03.05-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл Ш.Батхүү 2019.07.19-ны өдөр Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан юм. Ингэснээр Ш.Батхүүд хамаарах хэрэг прокурор дээр гацчихаад байна. Түүнд Эрүүгийн хуулийн 148.4 тэргүүтэй хэд хэдэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. 

Эрүүгийн хуулийн 148.4-т “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-аас дээш 15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ”   гэж заасан байдаг.

Уг зүйл ангийн дагуу Ш.Батхүүгийн үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10.3-т зааснаар тодорхойлвол “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг арван таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 12 жил өнгөрсөн” тохиолдолд дуусгавар болохоор байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн цаг хугацаа оноогоор нь хөөвөл Ш.Батхүүд холбогдох авлига, албан тушаал буюу луйврын хэрэг 2009 онд эхэлсэн байгаа юм. Үүнээс хойшхи 12 жил гэж тооцвол 2021 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болж хавтаст хэрэг нь хэрэгсэхгүй болох ажээ.

Иймэрхүү замаар цагаан захтнууд буюу албан тушаалтнууд хийсэн хэрэгтээ ял эдлэхгүй харин ч ял завшиж, улс орноо эдийн засгийн эрсдэлд оруулаад байгаад олон нийт бухимдалтай шүүмжлэлтэй байгаа юм.

 

“Жаст”-ын Ш.Батхүү нь одоогоос долоон жилийн өмнө Өмнөд африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, хуурамч гарын үсэг үйлдэн дөрвөн удаагийн зээлийн гэрээгээр нийт 109 сая ам.доллар авсан байдаг.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.