| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар бүхийн дүгнэлтийг хэлэлцэж байна.
Энэ дүгнэлтэд хууль хүчний байгууллагууд гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа иргэдийг тагнан мөшгөхдөө тусгай тоног төхөөрөмж ашиглан хувийн мэдээллийг нь олж авах асуудлыг хөнджээ. Эдгээр тоног төхөөрөмжид гар утасны аппликэйшн, харуул хамгаалалтын камерууд гэх мэт олон төрөл багтах тул юуг гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэхийг зөвшөөрч, алийг нь хориглох талаар тусгасан байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийджээ. Хуралдаан хаалттай болж, аюулгүй байдлын мэргэжилтэн, зөвлөхүүд мөн оролцсон байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Ганбат: “АНУ-д эрүүл саруул ухаантай иргэдэдээ буу эзэмшихийг зөвшөөрдөг. Төр иргэнээ хамгаалж чадаагүй нөхцөлд иргэн өөрийгөө хамгаалах эрхтэй байдаг. Манай улс ч мөн ийм эрх олгох ёстой. Наймхан настай охиныг шоронгоос гарсан этгээд хүчирхийлээд, нүхэн жорлон руу шидсэн хэрэг гарлаа. Төр иргэдээ бүрэн хамгаалж чадахгүй байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: “Та УИХ-ын гишүүний амнаас унагах ёсгүй үг хэллээ. Гүйцэтгэх ажиллагаанд тусгай зориулалтын, өндөр өртөгтэй тоног төхөөрөмж ашигладаг. Эдгээр нь технологийн хөгжлөөр маш хурдан шинэчлэгддэг тул нарийн жагсаалт гаргах боломжгүй. Иргэн өөрийг нь тагнаж чагнаад байна гэж үзвэл шалгуулж болно. Гүйцэтгэх ажиллагаа явуулах нэрээр иргэнийг дарамталж, хувийн орон зайд нь халдаж болохгүй. Иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Гэхдээ жирийн иргэдэд тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхгүй, энэ нь улсын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Намрын чуулганаар Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Энэ хуулийг сайжруулах шаардлага бий” гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар "АНУ үүний улмаас ихээхэн асуудалтай тулгарч байна. Бидэнд өөрсдийн олон асуудал бий" гэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 62 хувь нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэв. Хуралдаанд 45 гишүүн оролцож байна.