| | USD/MNT 0₮
Цахим хөгжил, Харилцаа холбооны яамнаас өнөөдөр Нийслэл болон аймаг сумдын үе үеийн засаг дарга нарын сүүлийн 20 жилийн хугацаанд захирамж гаргаж холбогдох газрын албанаас олгосон газрын мэдээллийг шилэн болгож буйгаа мэдээллээ. Тухайн мэдээллийг shilen.gov.mn цахим сайтаар дамжуулан өнөөдрөөс эхлэн байршуулж байгаа бөгөөд тухайн сайтаас Нийслэл болон орон нутгийн засаг дарга нарын захирамжаар олгосон газрын тоо, хэмжээ, олгосон газрын зориулалт, иргэн, ААН, компаниудын газар эзэмшиж байгаа болон өмчилж байгаа байдлын талаарх мэдээллийг харах боломжтой юм.
Ингэхдээ эхний ээлжинд 2000 оны нэгдүгээр сарын нэгнээс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд олгосон газар олголтын мэдээллийг нээлттэйгээр байршуулжээ. Түүнчлэн энэ тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлэхдээ "Газар олгосон сүүлийн 20 жилийн түүхэнд хотын дарга асан Э.Бат-үүлийн гарын үсэг ч байна. МАН-ын гишүүн, хотын дарга нарынх бүр олон байгаа. Баримт худлаа хэлдэггүй.Баримт юу хэлэв гэдэг бүр их чухал. Нийслэлийн үе үеийн засаг дарга нар 20 жилийн хугацаанд 36000 гаруй газар олголтын захирамжийг гаргасан байсныг ил тод болгож байна. Мөн зориулалтыг нь өөрчилсөн газрууд маш их бий. Жишээ нь тухайн үеийн Нийслэлийн засаг дарга захирамж гаргахдаа ногоон байгууламж барих зориулалтаар захирамж гаргасан байтал түүнийг авсан компани нь бусдад арилжаалж газраа зарсан тохиолдолд нь хотын дарга нь дахин шинэчилж компанийн нэр дээр нь захирамж гаргадаг. Үүний цаана зориуллалтыг нь өөрчилсөн тохиолдлууд олон байна. Дээр нь газар эзэмшиж байгаа ААН-ийн тухайн газрын эцсийн өмчлөгчийг хайхаар нэг л өмчлөгчтэй тохиолдлууд гарч байгаа. Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын хүрээнд цаашид мэдээллээ дутуу ирүүлсэн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудыг цаашид АТГ-т өгч шагуулах процесс өрнөхийг анхааруулж байна" гэв.