| | USD/MNT 0₮

НИЙГМИЙН ДААТГАЛ БА “КАПИТАЛ” БАНК

Сүүлийн үед цахим сүлжээгээр Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг  дампуурсан Капитал банкинд байршуулж, иргэдийн төлсөн мөнгийг үрэн таран хийсэн гэх мэдээллийг АН-аас түгээн олны дунд шуугиан тариад байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан, Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуунчимэг нарыг саатуулсан нь эрх баригчдын сонгууль угтсан акц хэмээн АН-аас хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэв.

Ингэхдээ тэд төрийн мөнгийг дампуурах гэж байгаа банкинд байршуулж эрсдэлд оруулсан нь одоогийн эрх барьж буй намын сайдууд хэмээн буруутгаж, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг улстөржүүлэн тайлбарлахдаа “Зүүдээ ярих гээд хулгайгаа” гэдгийн үлгэр болж байна.

Тэгвэл яг үнэндээ хэн дээрх шийдвэрийг гаргаж, хэнийг эрх барьж байх үед Капитал банк руу мөнгө шилжиж байсныг цөөн хэдхэн баримтаар харуулъя.

БАРИМТ 1

Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банктай анх бүүр 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 5.2 тэрбум төгрөг байршуулж байжээ. Түүнээс хойш жил бүр мөнгөн хөрөнгийн хэмжээг нэмж 2013 онд 126.3 тэрбум, 2014 онд 209.4 тэрбум, 2015 онд 238.0 тэрбум төгрөг болсон байдаг. Өөрөөр хэлбэл, Капитал банкинд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 2012 оноос 2013 онд 4 дахин, 2014 онд 6.6, 2015 онд 7.5, 2016 онд 7.1 дахин нэмэгджээ.

АН-ын хийсэн хэвлэлийн бага хурлаар 2008-2012 онд хадгаламжийн хүүгийн орлого 47.0 тэрбум төгрөг, 2012-2016 онд  хүүгийн орлого 260.0 тэрбумд хүрсэн гэж ярьсан. Энэ нь чухам хэн Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд хадгалуулсныг бэлхнээ гэрчилж байгаа юм. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгч энэ бус уу.

БАРИМТ 2

Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банкинд 2012 онд 16.0 тэрбум, 2013 онд 79.0 тэрбум, 2014 онд 85.0 тэрбум, 2015 онд 20.0 тэрбум, 2016 онд 15.0 тэрбум төгрөгийн хадгаламжийг шинээр байршуулж, тус банкинд бусад банкуудаас мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлсэн төдийгүй 2016 оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн нийт мөнгөн хөрөнгөөс  577.0 тэрбум төгрөг нь  хадгаламж хэлбэрээр банкуудад байршиж байсны 180.0 тэрбум төгрөг буюу 31.2 хувь нь Капитал банкинд байжээ.

Энэ хэдхэн тоо 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газар болон У.Хүрэлсүхийн тэргүүлж буй одоогийн Засгийн газрын үед биш Ардчилсан нам засаг барьж асан 2012-2016 онд Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулах ажлыг хийснийг тод харуулна.

Өөрийн хөрөнгө багатай Капитал шиг жижиг банкинд Нийгмийн даатгалын сангийн  ийм их хөрөнгийг яагаад байршуулах болов?

Энэ асуултад мөн л баримтаар хариулъя. Ингэхийн тулд Ардчилсан намынхан хууль журмыг яаж өөрчилсөн нь эндээс харагдана.

БАРИМТ 3

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 35 тоот тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас  арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-аар тухайн банкинд байршуулах хадгаламж нь банкны нийт активын 20 хувиас хэтрэхгүй байх гэдэг заалтыг  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн  2014 оны 22 тоот тогтоолоор 25 хувиас хэтрэхгүй байхаар нэмэгдүүлэн өөрчилсөн байдаг.

Энэ өөрчлөлтөөр Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг өөрийн хөрөнгө багатай жижиг банкуудад их хэмжээгээр байршуулах боломжийг бүрдүүлсэн бөгөөд энэ өөрчлөлт тухайлан Капитал банкинд зориулсан шийдвэр байсан уу гэсэн хардлага гарч болно. Учир нь тухайн үед Капитал банкинд хадгаламж хэлбэрээр байршуулсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө нь тус банкны нийт активын 21.7 хувьд хүрээд байсан. Улмаар 2016 оны долдугаар сард буюу УИХ-ын сонгуулийн дараа  26.76 хувьд хүрч, журамд заасан хэмжээнээсээ хэтэрсэн байснаас үзэхэд Капитал банкинд илүү их мөнгө байршуулахын тулд гаргасан гэж харж болохоор. Түүнээс гадна эдгээр шийдвэрүүд бүгд Ардчилсан нам эрх барьж байх үед гарчээ.

 

БАРИМТ 4

2013-2016 онд мөрдөж байсан журмаар хадгаламжийн хүүгийн хэмжээг  Засгийн газрын бондын хүү, Төв банкны үнэт цаасны хүү болон арилжааны банк хоорондын захын хүүгийн дундаж хувь хэмжээнээс доошгүй байх ёстой байсан.

Гэтэл 2016 оны тавдугаар сард буюу УИХ-ын сонгуулиас ганцхан сарын өмнө дээрх 3 үзүүлэлтийн дундаж 12.8%, Монголбанкны бодлогын хүү 10.5% байхад Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг хамгийн бага байх ёстой хэмжээнээс 3.8 хувиар бууруулан 9.0 хувиар тогтоон, өмнө байгуулсан Мөнгөн хадгаламжийн гэрээнүүдийн хүүгийн хэмжээг 9.0 хувь болгон бууруулж, журмын заалтыг ноцтой зөрчсөн. Мөн  тухайн оны долдугаар сард 2016, 2017 онуудад хугацаа дуусах байсан 61 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээг дуусах хугацаанаас нь өмнө дахин 2 жилийн хугацаагаар буюу 2018 оны долдугаар сар хүртэл хүчинтэй байхаар сунгаж, 15 тэрбум төгрөгийн гэрээг шинээр байгуулсан байна.

Иргэдийн төлсөн асар их мөнгийг нэг жижиг банкинд байршуулахын тулд хууль журмыг зөрчихийг нь зөрчиж, өөрчлөхийг нь өөрчлөх шаардлага юунд байсан бэ? Үүнийг хуулийн байгууллагууд шалгаж тогтоох ёстой.

 

БАРИМТ 5

Монгол Ардын намын Засгийн газар 2012-2016 онуудад буюу Ардчилсан нам засаг барьж байх үед Капитал банкинд байршуулсан, хадгаламжийн хугацаа дууссан их хэмжээний мөнгөн хөрөнгийг буцаан авах талаар арга хэмжээ авч байсныг  Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас 2019 онуудад мөнгөн хөрөнгийг татан авахаар төлбөрийн хүсэлт удаа дараа хүргүүлж байснаас харж болно. Тухайлбал, 2018 онд 57.1 тэрбум төгрөгийг татан авах 125 удаагийн хүсэлт хүргүүлснээс 4.9 тэрбум төгрөгийг татан авсан ба 2019 онд 40.9 тэрбум төгрөгийг татан авах 44 удаагийн хүсэлт хүргүүлж, 860.0 сая төгрөгийг татан авсан байдаг.   

Түүнээс биш энэ хугацаанд Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгөөс нэг ч төгрөг нэмж байршуулаагүй байна. Гэрээнд өөрчлөлт оруулж хүүг 2016 оны арванхоёрдугаар сард 15.0 хувь, одоогийн сайд 2018 оны наймдугаар сард хадгаламжийн хүүг Монголбанкны бодлогын хүүн дээр 3 хувь болгон тус тус нэмэгдүүлсэн байна. Улмаар өөрийн хөрөнгийн хэмжээг 15 хувь болгон бууруулсан болно.

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгээс  ирүүлсэн “...банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх”, “...хүүгийн орлогыг нэмэгдүүлэх, хадгаламжид байршуулалгүй харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ авах” чиглэл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс өгсөн “байнгын хорооны чиглэлийг хэрэгжүүлэх, мөнгөн хөрөнгийг үнэгүйдэхээс сэргийлж, хүүгийн орлогын алдагдал хүлээхгүй байх” зөвлөмжийг тус тус хэрэгжүүлэн хадгаламжийн хугацаа дуусаж, харилцах дансанд шилжсэн байсан мөнгөн хөрөнгүүдийг хадгаламжийн дансанд шилжүүлэн хүүг 15.0 хувь болгох гэрээ байгуулах зөвшөрөл өгсөн сайд нарын албан бичгийг Капитал банкинд мөнгөн хөрөнгө байршуулсан хэмээн илтэд мушгин тайлбарлаж  иргэдийг төөрөгдүүлэх, шүүх хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх оролдлого хэмээн үзэхээс аргагүй юм.

Сүүлийн үед цахим сүлжээгээр Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг дампуурсан Капитал банкинд байршуулж, иргэдийн төлсөн мөнгийг үрэн таран хийсэн гэх мэдээллийг АН-аас түгээн олны дунд шуугиан тариад байгаа юм.
Эдийн засаг

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.