| | USD/MNT 0₮

УИХ-ын дэд дарга, Байнгын хорооны дарга, гишүүд оёдлын үйлдвэрүүдэд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд М.Оюунчимэг, Д.Өнөрболор нар өчигдөр (2023.05.03) Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Бүтээлч үйлс” ХК, “Урбан бизнес групп” ХХК-иудын оёдлын үйлдвэрүүдэд ажиллалаа.

Эхлээд Налайх дүүрэг дэх “Бүтээлч үйлс” ХК-ийн оёдлын үйлдвэрт очсон. Тус үйлдвэр нь сурагчийн дүрэмт хувцаснаас гадна ажлын хувцас, худалдааны зориулалтын нарийн мэргэжил, гүйцэтгэл шаардсан бүх төрлийн оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна. Сард сурагчийн дүрэмт хувцас 120 мянган хос, ажлын болон оёмол бүтээгдэхүүн 150 мянган хосыг үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр 350 байнгын ажлыг байрыг бий болгоод буй аж.

Тус компанийн захирал Д.Эрдэнэбилэг оёдлын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад тулгарч байгаа асуудал бүгд ижил. Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зориулалтаар импортлогдож байгаа даавуу, туслах материал, тоног төхөөрөмж, сэлбэгийг гааль болон НӨАТ-аас чөлөөлж өгвөл энэ салбарт маш том дэмжлэг болно. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэж, импортыг орлох, цаашлаад бүтээгдэхүүнээ экспортлох боломж ч бүрдэнэ гэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд “Сурагчийн болон төрийн албан хаагчдын дүрэмт хувцасны хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах үйлдвэрлэлийн хүчин чадал байна. Үйлдвэрлэгчдийн зүгээс импортын хувцас, оёмол бүтээгдэхүүнд тодорхой хязгаарлалт хийх, НӨАТ-ыг давхардалгүй болгох, дотоодын бүтээгдэхүүнд давуу эрх олгох, төр худалдан авах тал дээр анхаарах зэрэг хүсэлт тавьж байна. Энэ тухай Байнгын хороо, Улсын Их Хуралд танилцуулна” гэлээ.

Оёдлын салбар 2007 оныг хүртэл дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг бүрдүүлдэг, 30 гаруй мянган ажилтантай байсан бол өнөөдөр 10 хүрэхгүй хувьд хүрч, 3000 хүрэхгүй ажилтантай болсон байна.

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа “Парламент дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих тухай хуулийг санаачилсан. Хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хамгийн гол салбар бол оёдлын салбар. 30 мянган эмэгтэй ажиллаж байсан салбарт өнөөдөр 3 мянган хүн ажиллаж байна. Бид үүний шалтгааныг тодруулж дахин сэргээх тал дээр анхааран ажиллах болно. Оёдлын үйлдвэрт том хөрөнгө оруулалт шаардахгүй ч маш их баялаг бүтээх боломж байна. Бид энэ салбарыг бодитоор дэмжих нь чухал” хэмээв.

“КОВИД-19” цар тахлын өмнө буюу 2019 онд энэ салбар нийтдээ 3800 гаруй ажилтантай, 143 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эрхэлдэг байжээ. Харин цар тахлын дараа буюу 2021 оны байдлаар ажилчдын тоо 30 хувиар буурч 2600 болсон бол үйлдвэрлэл 18.8 хувиар буурч 97.3 тэрбум төгрөгт хүрсэн тоон судалгаа байна. Түүнчлэн 2019 онд 190 тэрбум төгрөгийн оёмол хувцас импортоор орж ирсэн бол энэ тоо 2021 онд 240 тэрбум төгрөг болтлоо өсжээ.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг “Бид жижиг, дунд үйлдвэрлэлийг бодитоор дэмжих, тэр дундаа олон хүний ажлын байрыг бий болгож байдаг оёдлын үйлдвэрүүдийг хөгжүүлэх шаардлагатай. Оёдлын үйлдвэрүүдэд дийлэнх нь эмэгтэйчүүд ажилладаг. Эмэгтэйчүүдийн ажлын байрыг бодитоор бий болгож байгаа энэ салбарыг төрөөс тодорхой бодлогоор дэмжин ажиллах тал дээр анхааран ажиллана” гэв.

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин тэргүүтэй гишүүд дараа нь Хан-Уул дүүрэг дэх “Урбан бизнес групп” ХХК-ийн оёдлын үйлдвэрт очсон. Тус үйлдвэр нь 2009 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 100 гаруй байнгын ажлын байр бий болгожээ.

“Урбан бизнес групп”-ын ерөнхийлөгч Д.Соронзонболд “Оёдлын салбар төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хурдацтай хөгжих боломжтой. Төрөөс зээлийн сангуудыг олон улсын жишигт нийцүүлж шударга, ил тод, нээлттэй болгон хөгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн батлан даалтын санг авч хэрэгжүүлж чадвал энэ салбар асар хурдацтай хөгжих боломж бий. Бид экспорт ярихаасаа өмнө импортыг орлож чаддаг болох тал дээр илүү анхаарах хэрэгтэй” гэлээ.

Манай улс бэлэн хувцас, оёмол бүтээгдэхүүнд жилд дунджаар 1.2 их наяд төгрөг зарцуулдаг. Дотоодын үйлдвэрлэгчид үүний 10 орчим хувийг үйлдвэрлэж байгаа нь хангалтгүй тоо гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байсан юм. 

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин “Байнгын хороо болон Засгийн газраас оёдлын салбарын хөгжилд бодлогын томоохон дэмжлэг үзүүлэх, дотоодынхоо хэрэгцээг импортоор биш өөрсдөө оёдог байх дээр анхааран ажиллах шаардлагатай байна. Тиймээс  оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр импортоор ирж буй даавуу, туслах материалуудыг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх ажлыг шат дараатайгаар хийх нь зүйтэй. Дотооддоо аль болох олон нэр төрлийн хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг болоод түүнийгээ 100 хувь хэрэглэж чадвал 1.2 их наяд төгрөгийн томоохон зах зээл энэ салбарт байна” хэмээлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболорын хувьд Худалдааг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй юм байна. Тэрбээр, энэ хуулиар оёдлын салбарыг дэмжих зохицуулалтыг хийх нь чухал байна. Дотоодын үйлдвэрүүдийг дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зүйтэй гэж байсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.