| | USD/MNT 0₮

ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН: Монгол банкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал, П.Хурц нар БАРИЛГЫН САЛБАРТ туйлж байна

       Төрийн суудалд буйраа ялзартал суудаг томоохон албан тушаалтнууд тэрбумтан болоод тэтгэвэртээ гардаг жишиг манай улсад бий. Тэд анхнаасаа төрд удирдах албан тушаал хашиж эхэлсэн л бол түүнийх нь буухиа тасрахгүй үргэлжилсээр байдаг. Ингэхдээ татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулж, эрх мэдэлтнүүдийн мөнгийг угаадаг далд гэмт хэрэг энүүхэнд. Улмаар ийм замаар явсаар дааж давшгүй хөрөнгөтөн болж амждаг. Цаашлаад үр хүүхэддээ халаагаа өгдөг болтлоо шуналтаж орхижээ.

       Тэгвэл үүний томоохон жишээ УИХ-ын гишүүн асан, Монгол банкны экс ерөнхийлөгч Л.Пүрэвдорж ба түүний хоёр хүүгийн их хэмжээний мөнгө угаалт юм. Пүрэвдоржийн хүү Хангал, Хурц нар өөрсдийн гэсэн бизнесгүй, баялаг бүтээгээгүй, өндөр дээд албан тушаал хашаагүй атал өдгөө Монголын барилгын салбарт туйл, дээдсийн хүрээлэлийн хаус хороолол, дээд зэрэглэлийн орон сууцнуудыг төсөл нэртэйгээр барьж байгуулжээ. Тэдний сүндэрлүүлсэн харшууд нь зайсанд байрлалтай бөгөөд энгийн иргэд банкны зээлд хамрагдаад худалдан авах боломжгүй үнэ өртөгтэйгөөр зах зээлд нийлүүлдэг. Тухайлбал, Зайсангийн аманд байрлах Энхжин хотхоноос эхлээд Залууё хороолол, Golden budda-1 болон 2 төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс гадна хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэрээр хаус хороололуудыг сүндэрлүүлж бусдад их хэмжээний мөнгөөр худалдан борлуулдаг байна.

      Тэдний аав Л.Пүрэвдоржийн тухайд 2009 онд Монгол банкны ерөнхийлөгчөөр сонгогдож, мөнгөний гахайгаа дүүргэж эхэлсэн түүхтэй гэх. Түүнийг тухайн үеийн УИХ-ын хуралдаанаар авч хэлэлцэн, 58 гишүүнээс 51 нь дэмжиж Монгол банкны ерөнхийлөгчийн суудалд залж байсан гэдэг.

    Үүнээс харахад тэр улстөрчдийн хайр, хүндлэлийг ихэд хүлээн, олонхийн саналаар дэмжигдэж байсан нэгэн аж. Харин түүний төрийн өндөр албан тушаалд анх томилогдож ажилласан түүх 1990 оноос эхлэлтэй. Тухайлбал, 1990-1992 онд Сангийн тэргүүн дэд сайд, 1992-1996 онд татварын ерөнхий газрын дарга, 2000-2004 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга зэрэг албан тушаалд ажиллаж байжээ.

       Ингэж л тэр аль хэдийнээс Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн бодлого, төлөвлөлтийг зохицуулж ирэхдээ хумсалсаар, хумсалсаар хулгайч болох дээрээ тулсан гэнэ. Учир нь төрийн албанд олон жил ажилласан тэрбээр ямар ч бизнес, хувийн компани байгуулж байгаагүй бөгөөд төсвийн мөнгөөр цалинжаж ирсэн гэх. Гэтэл сүүлдээ ард түмний нүдэнд хаанаас хураасан юм гэмээр их хэмжээний мөнгийг эргэлдүүлж эхэлсэн нь түүний үнэнийг сөхөж байгаа нь тэр үү.

      Энэ бүхнийг хожим түүний хүү П.Хангал, П.Хурц нар бага багаар илчилж, аавынхаа хууль бусаар босгосон их хэмжээний мөнгийг эргэлтэд оруулан дээд зэрэглэлиийн хороолол, хаус барих, басхүү бусад салбарт мөнгөө угааж эхэлсэн аж.

Тухайлбал, түүний  хүү П.Хангал нь 2014 онд Зам тээврийн сайдын тушаалаар хятадын номертой автомашинаар хятад жолооч нүүрс тээвэрлэхийг болиулахад мөнгөтэй улс төрчдийн хамт нүүрс тээвэрлэлтийн бизнест нэр холбогдож байсан удаатай гэнэ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Д.Зоригт,  “Модун” группын захирал Д.Хишигжаргал нарын баячуудтай хамт өөрийн хүнд даацын олон авто машинаар оролцож нүүрс тээвэрлэлтийг атгадаг байсан гэх мэдээлэл байдаг аж.

        Мөн түүний дараагийн томоохон дуулиан 2016 оны УИХ-ын сонгууль юм. П.Хангал нь 2016 оны УИХ-ын сонгуулиар аавынхаа нутаг буюу Ховд аймгаас нэр дэвшин, өвдөг шороодож, дахин даагаа нэхсэн ч ялагдал хүлээж байжээ. Ингэхдээ тухайн үед УИХ-ын суудалд улайрч Ховдод таван тэрбум төгрөг тарааж явсан гэх сураг ч дуулдаж байсан байна. Түүнээс өмнө МАН-ын хунтайж нарын бүлэглэлд багтаж байснаа, 2011 онд МАХН-руу орж, улмаар нарийн бичгийн дарга хүртэл дэвшсэн нэгэн аж. Ингэж аавынхаа мөнгийг толгой, түрийгүй цацаж явсан нь өнгөрснөөр ил болоод амжжээ.

Л.Пүрэвдоржийн халааг авсан дараагийн эрхэм бол түүний хүү П.Хурц. Тэрбээр мөн л их хэмжээний мөнгөөр тансаг зэрэглэлийн барилга, хаус барьж, баячуудад худалдаалан мөнгө эргэлдүүлдэг гэнэ. Гэвч ингэж явахад нь барилга дээр нь ажиллаж байсан залуухан хүү цаг бусаар хорвоог орхисон нь нийгмийг цочирдуулаад байв. Тодруулбал,Seven Star” гэх компанид гэрээгээр ажиллаж байсан залуу 2023 оны нэгдүгээр сарын 14-нд учир битүүлгээр амиа алдаж байжээ. Гэвч 2022 оны хоёрдугаар сард яг ийм хэрэг тус компани дээр гарч байсан  аж. Гэвч уг хэрэгтэй холбоотой  ямар ч эцсийн шийдвэр, гараагүй намжсан байна.

       Пүрэвдоржийн хүү П.Хурцын  мэдэлд байдаг “Seven star” компани нь хотын төвийн А бүс төдийгүй Зайсан гэх мэт өндөр зэрэглэлийн бүсэд хэд хэдэн хороолол, хотхоныг барьж байгуулсан. Улмаар түүний цаана мөн л аавтай нь холбоотой их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг нь үнэн гэх мэдээлэл ч бий. Олон нийтийн хардаж байгаагаар төрийн суудалд олон жил зангиа элээсэн Л.Пүрэвдорж хоёр хүүгээрээ дамжуулан ханаж, цадахаа мэдэхгүй мөнгө эргэлдүүлж, хаус, хороолол барьж суугаа гэнэ. Гэвч энэ нь ердөө л хөшөгний наана ил болсон хэсэгхэн гэмт хэрэг юм. Түүнээс цааш юу өрнөж байгааг хууль ч илрүүлж чадахгүй байхад бид яаж ч чадахгүй нь үнэн.

Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.