| | USD/MNT 0₮

МАН: ҮГЭНД ОР, ҮГҮЙ БОЛ ШОРОНД ОР!!!

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуульчилсан бөгөөд ардчилсан нийгмийн суурь зарчмыг ийнхүү тусгасан байдаг. Иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй юм байна гэж хотондоо хивж хэвтээ мал ч ойлгохоор хуульчилсан байна. Гэхдээ зэлэн дээрээс ямар нэгэн үхэр:

-Гэхдээ ямар тохиолдолд гэж мөөрч магадгүй.

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь нийгэм дэх өөрийн алдаатай сэтгэлгээг засаж өөрчлөх боломжийг хувь хүнд олгодог жам ёсны эрхүүдийн нэг билээ гэж ардчилсан хонь хивэнгээ майлахад нь АНУ-ын фирмд байгаа хонь ч ойлгоно. Үхэр хонь хоёрын яриа ердөө л энэ.

Бид хонь, үхэр хоёрын яриаг маш сайн ойлгож байгаа биз. Учир нь бид хүний хэлээр тэр хоёрын ярих сэдвийг хуульчилсан гэсэн үг. Гэтэл ардчилсан нийгэм тунхагласан сүүлийн 33 жил бол АРДЧИЛАЛ нэрийн дор бохир социализмыг цогцлоогоод социалист үхэр монголчууд, ардчилсан хонь монголчуудтайгаа мөөрөх, майлахын хооронд хэрэлдсээр өнгөрөөлөө.

Нийгэмд болж бүтэхгүй зүйлийг эхлэн дуугарч түүнийхээ төлөө тууштай тэмцэгч нарыг хоморголон баривчилж байна. Нийгэм хоттой хонь руу орохгүйн тулд айдастай байгаа. Сүрэглэн цугладаг ч сугалуулан баривчлагддаг.

Хүн өөрөө сүргийн зохион байгуулалтаар нийгэмдэн амьдардаг учир зарим нь үхэр сүргийн зам, зарим нь хонин сүргийн замыг сонгож л дээ. Майлж, мөөрч хэрэлдэхийн тулд биш үзэл бодлын хоёр тал ч байж магадгүй.

Үхрүүд “хөх чоно”-нуудыг ийм замаар сүрдүүлэн хонь болгоод байгаа учир нь энгийн суурь зарчмыг нь хясан боогдуулснаас тэр. Эрх чөлөө, авлига, дарга нарын идэш ууш, боломжоо хууль бусаар хэтрүүлэн хэрэглэсэн, нийгмийн хир буртгийн төлөө дуугарагсад хонь болон хот руугаа туугдсаар л байна.

Гэтэл социалист үхэр сүргийн бухандай нар авлига авсан ч хэд хоног зэлэндээ уягдсаны дараа ах нарын эвэр, туурайн хүчээр сулран нийгмээ сэжсээр явдаг нь туйлын үнэн юм даа.

Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хонин сүрэг ЧОНОН СҮРЭГ болох цаг ирнэ дээ хэмээн Сүхбаатарын талбай гэх эдлэн бэлчээртээ хэчнээн цуглан хашгиралдавч ҮХЭР АХ нар:

-ҮГЭНД ОР, ҮГҮЙ БОЛ ШОРОНД ОР!!! гэж хүний хэлээр мөөрсөөр л байх юм даа.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.