| | USD/MNT 0₮

Б.Баатархүү: Яллагдагч Б.Махбалын цагдан хорих хугацаа дуусч байгаа гэдэг нь худал мэдээлэл

Цахим орчинд “Зам тээврийн яамны газрын дарга асан Б.Махбалын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа энэ сарын 09-ний өдөр буюу ням гарагт дуусч суллагдах гэж байна” гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-ЗТЯ-ны газрын дарга асан Б.Махбал согтуурсан үедээ тус яамны ажилтан Т.Гомбосүрэнгийн амь насыг хохироосон хэрэг үйлдэгдсэн. Энэ хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатандаа явж байгаа вэ?

-Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэр, Зам тээврийн яамны гадна 2018 оны наймдугаар сарын 09-ний орой Т.Гомбосүрэн амь насаа алдсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Б.Махбалыг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Тус хэргийг МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд шилжүүлэх санал гаргасныг прокурор хүлээн авч арваннэгдүгээр сарын 19-ний өдөр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасныг хүлээн авсан. Ингээд мөн оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн. НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр явуулж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан 2019 оны хоёрдугаар сарын 02, 27, гуравдугаар сарын 18, дөрөвдүгээр сарын 05, 29, тавдугаар сарын 01-ний өдөр тус тус хуралдаж тодорхой шалтгааны улмаас нийт зургаан удаа хойшилсон байдаг.

-Ямар шалтгааны улмаас шүүх хурал удаа дараа хойшлогдсон юм бэ. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгах ажиллагааг удаашруулж байна гэсэн хардлага иргэдийн дунд их бий.

-Хохирогч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, шинжээч эмч ирээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар хойшлогдсон юм билээ. Тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш мөрдөн байцаалт болон прокурорын шатанд тус тус дөрвөн сар, шүүхийн шатанд найман сар болсон байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт хийгдэх шаардлагатай бүхий л арга хэмжээг хуулийн хүрээнд прокурорын хяналт дор явуулж байгаа.

-Одоо уг хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-НПГ-аас өнгөрсөн сарын 20-ны өдөр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг  мөрдөн байцаалтанд буцаасныг 27-ны өдөр хүлээн авч МБА-наас холбогдох ажиллагааг хийж прокурорын хяналтад хэргийг энэ долоо хоногт шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.

-Б.Махбалд холбогдох хэргийн цагдан хорих хугацаа энэ ням гарагт дуусгавар болж, 2020 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр суллагдана гэсэн мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн 10.1.2-т заасан “Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах” зүйлд гэмт хэргийн яллагдагчийг цагдан хорих шаардлагатай бол шүүх 6 сар хүртэлх хугацаагаар нэмж сунгаж болно гэж заасан байдаг. Тиймээс яллагдагч Б.Махбалын цагдан хорих хугацаа бүрэн дуусч энэ ням гарагт суллагдана гэдэг нь ташаа мэдээлэл юм.

Цахим орчинд “Зам тээврийн яамны газрын дарга асан Б.Махбалын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа энэ сарын 09-ний өдөр буюу ням гарагт дуусч суллагдах гэж байна” гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.