| | USD/MNT 0₮

КАЗИНО ТОГЛОСОН ГИШҮҮД “БИД ТОГЛООГҮЙ” ХЭМЭЭН ГҮРИЙЖ МЭЛЗСЭН Ч ТОГЛОЖ БАЙГАА ЗУРАГ, БИЧЛЭГҮҮД НЬ ИЛ БОЛОВ

Өнгөрсөн сард Австрали улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын төлөөлөгчид оролцохдоо казино тоглосон хэрэгт холбогдсон билээ.

Тэдний казино сонирхож байгаа гэх зургийг нь олон нийтийн сүлжээнд тарааснаар энэ асуудал дэвэрч хүчээ авсан юм. УИХ-ын гишүүд албаны айлчлалд явчихаад казино тоглох нь хэр зохимжтой вэ гэдэг шүүмжлэл олны дунд өрнөж байгаад намжсан.

Дээрх гишүүд Сиднейгээс ирсний дараа өөрсдийгөө өмөөрч ээлж дараалан тайлбар хийсэн. Тайлбартаа “Бид казино тоглоогүй. Зүгээр сонирхож орсон” хэмээн худлаа хэлж мэлзсэн.

“Казино тоглох мөнгө байхгүй” гэж ярьсан Д.Эрдэнэбат өөрөө тогложээ

Тодруулбал, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.ЭрдэнэбатБид мөрийтэй тоглоогүй, тоглох ч шалтгаан байгаагүй. Миний зураг гарсан байна лээ. Хүмүүс мөн үү, биш үү гээд лавлаад байна. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан нь би мөн. Анх тийшээ орохдоо хөтөлбөрийн дагуу үзэж сонирхсон. Ороод сонирхоод гаръя гэж л орсон. Өндөр хөгжсөн орнуудад казино бол аялал жуулчлалын нэг хэсэг гэж би ойлгож байгаа. Мөрийтэй тоглох гэсэн хүн болгон тийшээ ордог гэж бодохгүй байна. Тэнд ямар ч гишүүн тоглоогүй.  Бидний дунд мөнгөтэй ч гишүүн байхгүй. Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байхав дээ. Сонирхоод л ороод гарсан” гэж ярьсан.

Харин түүний ягаан цамцтай саравчтай малгайгаа буруу харуулаад өмсчихсөн какино тоглож байгаа бичлэг зураг нь өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. Сонирхоод үзээд гарсан гэх эрхэм гишүүн Д.Эрдэнэбат одоо ямар тайлбар хийх бол.

“Казиногийн хуультай болох цаг нь биш” гэж ярьсан Д.Лүндээжанцан гишүүн казино тогложээ

Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Би 20 гаруй жил Казиногийн тухай хуулийг эсэргүүцэж ирсэн хүний нэг. Ингэж эсэргүүцсэнийхээ төлөө адлуулж ч ирсэн. Сая Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй оролцоод ирэх үеэрээ Казино гэж ямар байдаг юм, манайд энэ хуулийг батлах шаардлага байна уу үгүй юу гэдгийг судлаж үзэж сонирхохоор Казино руу орж танилцсан. Эндээс би Монголд Казиногийн хуулийг батлах цаг нь болоогүй юм байна гэдэг итгэл үнэмшил маань улам баталгаажсан. Эдийн засаг талаасаа ашиг тустай байж болох ч төрийн хяналыг алдагдуулах зэрэг сөрөг тал олон юм байна.

Казино руу орж сонирхсон гээд хариуцлагын асуудал хөндөгдвөл би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ би Монголын ард түмэнд "Монголчууд Казиногийн хуультай болох цаг нь биш" гэж хэлэх үгтэй.  Нийгэм ч үүнийг нотолж байна” гэж ярьсан.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү бид хэд Казиногийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор орсон. Бид тоглоогүй. УИХ-аар казиногийн хууль ороод ирвэл ямар юм байдаг юм байна гэж үзэж сонирхох зорилгоор орсон. Бидний хувьд хэн нэгнээс нуугаад байх зүйлгүй. УИХ-ын гишүүн сөрөг хүчний даргатай, УИХ-ын ахмад гишүүнтэй, Элчин сайдтай хамтдаа казино тоглоод байна гэж үгүй, үзэж сонирхсон” гэж мэдээлэл хийсэн.

Тэгвэл дээрх гурван гишүүний нэг болох Д.Лүндээжанцан гишүүний казино тоглож байгаа зураг ч бас өнөөдөр ил болов. Малгайгаа буруу харуулаад өмсчихсөн казиногийн ширээнд суусан зураг нь тод томруун харагдаж байна. Харин одоо Д.Тогтохсүрэн гишүүний тоглож байгаа зураг бичлэг ил гараагүй байна. Гэвч зураг бичлэг нь байгаа бөгөөд нэг өдөр ил гарах нь тодорхой.

Даравч далдайж булавч бултайна гэгчээр тэдний казино тоглож байгаа бичлэг нь өчигдрөөс эхэлж ийнхүү ил боллоо. Одоо тэд ямар хариулт хэлэх бол. Баримт нь ил болчихоод байхад “Бид тоглоогүй” гэж гүрийсээр байх уу.

Өнгөрсөн сард Австрали улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын төлөөлөгчид оролцохдоо казино тоглосон хэрэгт холбогдсон билээ.
Улс төр

Сэтгэгдэл (19)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.