| | USD/MNT 0₮

Долоон хүн угаартаж амиа алдлаа, С.Амарсайхан, М.Ганбаатар нарт хариуцлага тооцооч

 
Сайжруулсан шахмал түлшний угаарын хийн хордлогоор 7 хүн амиа алдаж, 320 хүн хордоод байна. Энэ тоо цаашдаа ч өснө, нэмэгдэнэ. 
 
Хэдэн хүний амиар наадаж байж, энэ асуудал хариуцсан дарга нарт албан ёсны хариуцлага тооцох юм бэ. Хэдэн хүнийг эрүүл мэндийн эрсдэлд оруулж хаширах албан тушаалтнууд вэ.
Нийгэмд үүсээд байгаа энэ асуудалд хар толгойгоороо хариуцлага тооцох хэд хэдэн хүн бий. Тухайлбал, хотын дарга С.Амарсайхан "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарт хариуцлага тооцох үндэслэл бүрэн байна.
 
Урьдчилсан байдлаар долоон хүн хордож нас барлаа. Шүүхийн шинжилгээний эцсийн дүн гараагүй байна. Гэхдээ энэ үйлдэл нь Хотын дарга С.Амарсайханыг болон холбогдох албаныхныг огцруулах хангалттай үндэслэл болно. 
 
Үхсэн хүн үг хэлэх биш гэгчээр нүүрсээ түлэхдээ алдаа гаргасан иргэдийг буруутгаж өөрсдийгөө өмөөрч, хар толгойгоогоо хаацайлж байгаа дарга нарт ичих нүүр, эмзэглэх сэтгэл алга. 
Үнэндээ агаарын бохирдол, утааг бууруулахын тулд авч буй арга хэмжээг иргэд буруу гэж гомдоллоогүй. Иргэд сайн хэмээн рекламдсан сайжруулсан түлшийг нь авч түлээд халуун амиараа хохирч, эрүүл  мэндээ яагаад эрсдэлд оруулах ёстой гэж. Тэд гагцхүү аль нэг газраа алдаа гаргачихсан байгааг нь ойлгож, мэдээд байгаа. 
 
Гэтэл албан тушаалтнууд үүнийгээ хүлээн зөвшөөрч, иргэдээсээ уучлалт гуйхын оронд харин ч бүр эсрэгээрээ бидний буруу биш, иргэд галлагааны горим зөрчсөн, яндангийн хавхлагаа хааж унтсан гээд түлшний үйлдвэрээ хамгаалалтад авна хэмээн улам бүр нууц байдалд шилжиж байгаа зэрэг нь ард иргэдийг тохуурхаж, доромжилж бараг хохь нь гэж хэлж байгаагаас ялгаа алга.
 
Энэ сарын эхээр "Таван толгойн түлш” компанийн “Сайн түлш”-нд асуудал байна иргэд хохирч байна. Үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийн гар хөлөөр тууралт гараад байна" гэж шуугиж байсан бол өнөөдөр бүх нийтээрээ хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээнд "Улаанбаатар  утаагүй болжээ. Агаарын бохирдол буурсан байна" гэж энд тэндээс авсан зургаараа гайхуулж, нэг хэсгийг нь сайн сэвээд өг гэсэн үүрэг даалгавар өгсөн сурагтай. Ингэж улстөржүүлмээргүй байна. 
 
Үнэн хэрэгтээ албаныхан нийслэл утаагүй болсон нь түлшиндээ байна уу, иргэддээ байна уу гэдгийг нягталж үзсэн болов уу. Анх иргэд олноороо угаарын хийд хордож, амиа алдаж эхэлмэгц “Сайн түлш”-ийг хэрэглэхгүй, хөдөө, зуслангаас аргал, хөрзөн авч ирэх, нүүрсээр бус модоор галлах, халаагуур ашиглах гэх зэргээр гэрээ дулаацуулах болсон тухайг утааны голомтонд амьдардаг гэр хорооллынхон хэлж байна. Асуудалтай аюул дагуулсан түлшийг хэн түлэх юм бэ. Өнөөдөр гэртээ цахилгаан халаагуур хэрэглэж, мод, аргал түлж байна.
 
Тэр ч бүү хэл арга барагдсандаа уут уутаар нь түүхий нүүрс нууж хааж нийслэл рүү оруулж ирэх гэж байгаад мэргэжлийн хяналтын байцаагч нарт баригдсан тохиодол гарсан. Иргэд түлшинд итгэсэндээ бус өөрсдийн амийг аварч үлдэхийн төлөө цахилгаан халаагуур ашиглаж байхад албаныхан хар толгойгоо хамгаалан тэдэнд буруугаа чихсээр байгаа нь харамсалтай. Тиймээс л энэ төр эзэнтэй бол долоон хүн амиа алдсан асуудалд хэн хариуцлага хүлээх вэ. 
 
“Таван толгойн түлш”-ийн “Сайн түлш”-тэй холбоотой асуудал шат шатандаа хэрэгжихгүй шахам байхад гэр хорооллын иргэдэд бурууг чихэж, өөрсдийн алдаагаа хаацайлах эрх улстөрч, албаныханд баймааргүй л санагдах юм.  
 
Агаарын бохирдлыг бууруулахад улстөрчид бүгд санал нэгддэг. Гэхдээ иргэдийн амийг цөөлж бус аюулгүй орчин бий болгож гэдэгтэй ч санал нийлдэг. Тийм байтал өнөөдөр Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрсэлсүх, хотын дарга С.Амарсайхан нар “Сайн түлш”-ээ магтан дуулж, мэдсэн ч мэдээгүй мэт царайлсаар байх уу. Өөрсдийгөө биш юмаа гэхэд алдаа гаргасан албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцож, ард иргэдээ бодох цаг тань болсон гэдгийг хэзээ ухамсарлах болж байна вэ. 
 
Хэрвээ энэ бүх үйл явдал хотын Засаг даргын хариуцлагагүйгээс болсон бол огцруулах ёстой. Түүнээс тохиолдлын байдлаар зургаан хүн бурхан болсон бол энд байгаа Засаг даргыг буруутгахад хэцүү. Хүний амь насыг нөхөж чадахгүй. Гэхдээ хариуцлагын асуудал байх ёстой. Угтаа бол утаа улстөржих асуудал биш. Нам харгалзахгүй хэн ч утаа угаарт хордож болно. Тиймээс хаа хаанаа асуудалтай хариуцлагатай байгаач.  
 
Гэвч дарга нар арга заль, албан тушаалаараа далайлгаж хариуцлагаас зугтах, мултрах арга сүвээ хайсаар байгаа нь таалагдсангүй. Төр бизнесээ хариуцлагатай хий. Үнэгүй тараагаагүй утааг арилгах зорилготой том бизнес учраас хариуцсан албан тушаалтнууд нь хариуцлагаа үүр, хүлээ. 
 
 
О.Гал 

 

Сайжруулсан шахмал түлшний угаарын хийн хордлогоор 7 хүн амиа алдаж, 320 хүн хордоод байна. Энэ тоо цаашдаа ч өснө, нэмэгдэнэ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.