| | USD/MNT 0₮

ЯЛЛАГДАГЧ Б.МАХБАЛ СУЛЛАГДАЖ, ҮЙЛДСЭН ХҮН АМИНЫ ХЭРЭГ МАРТАГДЛАА

Өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 09-нд Зам тээвэр хөгжлийн яаманд хүн амины онц ноцтой хэрэг гарсан билээ.

Тодруулбал, тухайн үед ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хүн амины хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэлгүй явсаар өнгөрсөн намар анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаагаад таг чиг болсон юм.

Талийгаачийн ар гэрийнхэн цөхрөнгөө барж, хууль шүүхийнхэнд итгэх итгэл найдвараа алдаж эхэлсэн байдаг.
Тодруулбал, цагдан хоригдож байгаа Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал таван удаа хойшилсон бол зургаа дахь хурал нь тодорхой хугацаагаагүйгээр мөрдөн байцаалтад буцсан байгаа юм.  Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.

Шүүхийн албан ёсны шийдвэр нь:

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж болно” гэж заасан. 

Мөн хуулийн 3 дахь хэсэгт “Дээрхи үндэслэл нь 2 ба түүнээс дээш удаа давтагдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах нөхцөл байдал болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэснийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэжлүүлсэн. 


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-ын 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.  

Учир нь дээрх хавтаст хэрэгт нэмж шалгах зүйл байна гэсэн үг юм. Яагаад хийсэн хэрэг нь тодорхой байхад яллалаад зохих ёстой ял зэмийг нь оноочихож болдоггүй хууль шүүхийнхэн бэ.


Томоохон албан тушаалтан биш, өөр хэн нэгэн жирийн иргэн өнөөдөр санаатай болон санамсаргүй байдлаар хүний амь хохироосон байсан бол хэдхэн сарын хугацаанд гурван шатны шүүхээр хэргийг нь аль хэдийнэ шийдвэрлэчихсэн байгаа даа. Гэтэл томоохон албан тушаалтан, ардаа нэр нөлөө бүхий хамгаалах хүмүүстэй хүний хэрэг гэхээрээ ингээд шийдэгдэхгүй цаг хугацаа хожоод байх ёстой юмуу.
Бүхэл бүтэн хоёр жил болоход гэрчтэй, гэгээн цагаан өдөр Монгол Улсын яамны гадаа хүний аминд хүрсэн этгээд тодорхой байхад хэргийг ингэж сунжруулж удаашруулаад байх цаад сонирхол юу юм бол. Ар гэрийнхэн нь шүүхээр гэм бурууг нь тогтоолгохоор бүтэн хоёр жил хүлээж, харлаа.
Магадгүй хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших боломж болов уу гэсэн хардлага сэрдлэг байгаа ч нуухгүй юм. Эхэндээ хэдэн сар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан энэ хэрэг ингэж явсаар мартагдах вий дээ.

Тэгвэл бүтэн нэг жил зургаан сар хоригдож байгаа Б.Махбалыг энэ бүтэн сайн өдөр буюу энэ сарын 09-нд суллахаар болжээ.

Тодруулбал, шүүхийн яллах тогтоолгүйгээр цагдан хорих хамгийн дээд хугацаа 18 сар байгаа. Энэ хугацаанд шүүхээс хэргийг шийдвэрлэх ёстой. Хэрвээ шийдвэрлэж чадаагүй бол сэжигтнийг суллах хуулийн заалттай юм байна. Тиймээс Б.Махбал 18 сар хоригдсон бөгөөд хуулиараа бол суллагдах хугацаа энэ бүтэн сайн өдөр таарч байгаа ажээ. Харин хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараа дахин цагдан хорьж болох юм байна.

 

Хүн амины хэрэгт сэжиглэгдэж 18 сар хоригдсон Б.Махбал бүтэн сайн өдөр суллагдана.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.