| | USD/MNT 0₮
ТӨСВИЙН МӨНГӨ ЯРЬДАГ БОЛ ИХИЙГ ӨГҮҮЛНЭ
Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилийн сар шинийн баяр үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт монголчууд бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүллээ. Ёсоор сар шинийн баяр өргөн дэлгэр үргэлжилж байгаа ч хаалганы ЦААНА төрийн эрх бүхий албан тушаалтнууд, албан газар татварын мөнгөөр ЗОЛГОЛТ хийж, дайлж цайлах явдал гаарчээ. Олон нийт ч үүнд шүүмжлэлтэй хандаж байна. "Төр ханаж цадахгүй, иргэд нь зүдэрч дуусахгүй" гэх олны яриа ч өрнөх болж. Хэзээнээс төр баяр ёслолыг андахгүй, татварын мөнгөөр цайллага хийж, ууж идэж байдаг нь ард түмэнд ил болсон. Ялангуяа цагаан сарын баяраар төсвийн мөнгө зарлагадаж, идэж уухдаа зарцуулдаг болсон нь жил бүр шуугиан дэгдээх болжээ.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн газрын алба золголт хийж буй зураг цахим сүлжээнд цацагдсан. Ширээ бүрт идээ ундааг харамгүй өрж, өмнөө дуучин хүртэл авчирч залсан харагдана. Цагаан сарын баяр бол гэр бүл, ураг садны уламжлалт баяр. Гэвч албан байгууллага даяар дайллага, цайллага зохион байгуулж золголт хийж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.
ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛАХ БИШ
Цаашлаад золголтын цахилгааны төлбөр, дуучны төлбөр, идээ ундааны төлбөр зэрэг нь иргэдийн цалингийн 1/3-тай тэнцэхүйц дүнд суутгасан бараа, үйлчилгээний татвараас төлж байгаа юм. Иргэдэд үйлчлэх үүрэгтэй төрийн албан хаагчид ажлын өдрүүдэд ингэж л сууна. Энэ тухай албаны хүмүүс хэвлэлд өгсөн тайлбартаа "Энэ золголтод ямар ч мөнгө зарцуулаагүй. Тавгийн идээ засаж, хэдэн бууц жигнэсэн" гэх. Мөн сүүлд баталсан хэмнэлтийн тухай хуульд баяр ёслолын арга хэмжээнд төсөв мөнгө зарцуулахгүй байх талаар ч тусгасан удаатай. Гэвч төсвийн мөнгө энэ бүхнийг өгүүлж чадах биш.
Сар шинийн баяр өнгөрсөн долоо хоногт үргэлжилж, өчигдөр буюу хоёрдугаар 27-нд төр болон хувийн хэвшлүүд ажиллаж эхлэх ёстой байв. Гэвч нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар харьяа төрийн байгууллагын ажилчидтайгаа сар шинийн золголтоо ажлын эхний өдөр үргэлжлүүлсэн сурагтай. Улмаар зарим иргэд төрийн үйлчилгээ авахаар зорьсон ч золголт хийхтэй нь таарч, ажлаа бүтээж чадалгүй гэртээ харьж байна хэмээн бухимдаж байв. Энэ мэт төр, түмнийхээ урдуур баяр ёслолыг нэгдүгээрт эрэмбэлж, ажил үүргээ умартав.
Төсвийн мөнгө уйлах биш. Ууж, идэхдээ хүртэл ард түмнийхээ татварын мөнгөнөөс татдаг төртэй байхыг хүсээгүй л болов уу.