| | USD/MNT 0₮

БАЯНБОГД ХАЙРХНЫГ БАРЬЦААНД ТАВЬЧИХАВ УУ, ЯАВ...?!

Баянбогдыг ухах уу? Энэ асуулт Улаанбадрахчуудын санааг зовоогоод багагүй хугацаа өнгөрлөө. Нутгийнхны шүтээн болсон эртний тахилгат Баянбогд хайрхны хормойд 15.000 шахам га талбайд хайгуул хийхийг зөвшөөрсөн юм байх. Албаны хүний хэлэх нь хуулийн дагуу орон нутгаас санал авах ёстой байдаг ч огт санал аваагүй. Уулзаж ярилцсан зүйл ч байхгүй гэнэ. Тэр ч байтугай иргэд нутагт нь олгогдсон лицензийн тухай цахим орчноос л олж мэдсэн байна. Үүнийг сумын төдийгүй аймгийн удирдах албаны хүмүүс ч хэлдэг. Ямар боловч лиценз олгогдсон нь үнэн. Үүнийг мэдсэн нутгийнхан эсэргүүцэж эхлээд байна. Дарга нар ямар нэгэн мэдээлэлгүй байна гэхээс өөр зүйл ярихгүй байгаа энэ үед хэнээс тодруулж болох вэ. Үүнд тойргоос сонгогдсон эрхэм гишүүд маань тайлбар өгмөөр байх юм. Тус лицензийг эзэмшигчээр “Эрдэнэс Баянбогд” гэх нутгийнханд таалагдаж ч магадгүй сайхан нэртэй байгууллага сонсогдох хэдий ч үнэн хэрэгтээ “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК 66 хувийг нь эзэмшинэ гэнэ. Өнгөрсөн онд цахим сүлжээгээр явж эхэлсэн “Засгийн газрын тогтоол” гэх зурган хэлбэрт ганц хуудас цааснаас л иргэд олж мэдсэн хэрэг шүү дээ.

Тус ордын нөөцийг нь урьдчилсан байдлаар мэргэжилтнүүд тогтоосон сурагтай. Тэгвэл "Эрдэнэс Баянбогд" ХХК өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр "XV-022117 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажлын гүйцэтгэгчийг сонгох" тендер зарласан байна. Чамгүй өндөр үнийн дүнтэй тус хайгуулын ажлын тендерт хэд хэдэн компани оролцсон хэдий ч "Захиалагчийн тогтоосон чадавхын шаардлагыг хангаагүй" гэх үндэслэлээр хасагджээ. Тиймээс дээрх тендерээс татгалзаж дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн байна.

Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нийслэлийн тулгамдсан асуудлыг шийднэ гэж Хотын дарга Д.Сумъяабазар хэлсэн юм байх. Тодруулбал LRT буюу “Баганан тулгуурт галт тэрэг”-ний төсөл зэргийг санхүүжүүлэхээр болсон гэнэ. Урьд нь том дарга нар нийслэлчүүд 2017 оноос метрогоор зорчино, 2020 оноос дүүжин тээврийг нийтийн үйлчилгээндээ нэвтрүүлнэ гэж сүр дуулиантайгаар мэдэгдэж байсан санагдана. За энэ ч яахав. Ямартай ч нийслэлийн Засаг дарга Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт орших нийслэлийн эзэмшил “Эрдэнэс Баянбогд” компанийн нүүрсний орддоо санхүүжилт босгохоор хэдийнээ урд хөршийг зорьсон гэнэ. Урд зүгийнхэн ч тэгээд боломжийг алдах биш дээ. Харин хөрөнгө оруулалт нь ямар нөхцөлөөр орж ирэхийг бол таашгүй.

“LRT” төсөл нь айсуй 2024 оны сонгуулийн наана хэрэгжиж эхэлнэ гэж бодвол энэ давчуу хугацаанд үр ашгаа өгөх нь юу л бол. Тэгээд ч энэ тал дээр Улаанбадрахын малчид байтугай Улсын нийслэлийн иргэд нь ч итгэл муутай л байгаа юм билээ. Баянбогд хайрхныг барьцаанд тавьж ирэх сонгуульдаа бэлтгэх гэж байна уу гэх хардлага бол хаа хаанаа байнааа. Гэтэл Дорноговь аймгийн удирдлагууд энэ тал дээр тодорхой байр сууриа илэрхийлэлгүй зайлсхийсээр байгаа юм.

Улаанбадрахчууд ураны хор хөнөөл яриад олон жилийг үзсэн. Тэгвэл тун удахгүй нутаг дэвсгэрт нь нүүрс тээврийн том тэрэгнүүд хөндлөн гулд давхиж, харь хэлтнүүд хаа сайгүй сүлжилдэх зам нэгэнт засагдав бололтой. Нутгийн малчид нь ямар боловч одоогоор “ухуулахгүй юмсан” гэсэн хүсэлтэй. Гэвч дээшээ шат шатандаа асууж тодруулж байгаа ч юм алга.

Намрын чуулган завсарласантай холбоотойгоор гишүүд тойрогтоо ажиллаж УИХ-аас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнаж, малчдад өвс тэжээл тараагаад буцсан. Энэ боломжийг ашиглаад асууж тодруулах дарга эс боловч малчин байх болов уу хэмээн чих тавьсан ч талаар болов. Төр засаг нь шийдвэр гаргаад тусгай хэрэгцээнд буй газар нутгийн баялгийг улс орны аль шаардлагатай салбарт хөрөнгө оруулалт болгон ашиглаж болох л доо. Гэхдээ тухайн бүс нутагт оршин суугчдад дуулгаж санал хүсэлтийг нь сонсож, мөн тогтоол шийдвэрээ албан ёсоор танилцуулж, үр өгөөжийг нь тайлбарладаг байвал зүйд нийцмээр. Баянбогд орчимд олгогдсон лицензийн хувьд төр дээрэмчин мэт хандаж буй нь нутгийнханд таалагдахгүй байна. Монгол Төрийн шийдвэрийг шүүмжлэх эрх жирийн ардад үлдсэн бол тэдний үгийг нь сонсмоор.

Яг лиценз олгогдсон талбай хаагуур таслагдаж байгааг мэдэхгүй болохоор хэд хэчнээн айл байгааг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан Баянбогд хайрхны ойролцоо лавтай 10 гаруй айлын өвөлжөө хаваржаа байдаг гэж сумын ЗДТГ-ын дарга ярина лээ. Нэгэнт лиценз олгогдсон болохоор ухах тал руугаа л явна. Үүнийг тун саяхны Мандах сумын жишээ бидэнд бэлээхэн хэлээд өгнө. Байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад багтсан үзэсгэлэнт "Арван наймын богд" уулынхаа орчмыг ухуулахгүй гэж Мандахчууд компанийн хамгаалагчидтай энгэр заамаа дугтралцаж, дээр дороо ороод ч тусыг эс олсон шүү дээ.

Сүүлийн мэдээгээр Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт олгогдсон лиценз цөөнгүй байгаа боловч үйл ажиллагаа явуулдаг нь “Бадрах Энержи” гэх ураны компани юм. Нийслэлийн эзэмшил болох коксжих нүүрсний тус орд газар өмнө нь “Кожеговь” буюу одоогийн “Бадрах Энержи” компанийн эзэмшилд байсныг буцааж, улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн 110 дугаар тогтоолоор “Ашигт малтмал хайх талбайн солбицол батлах, эрх”-ийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд "Эрдэнэс Монгол" ХХК-д олгожээ.

Дараагаар нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар тогтоолоор Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий төрийн өмчийн оролцоотой "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийг байгуулж нийт хувьцааны 34 хувийг төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-д, үлдэх 66 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-д эзэмшүүлэхээр тогтжээ.

Нэгэнт ашиглалтын лиценз болон хувирсан тохиолдолд Улаанбадрахыг ухах асуудал түргэндээ орно. Хуулийн дагуу ажил явах л болно. Харин тэр цагт газар нутгаа бүтэн үлдээх байтугай эрүүл аюулгүй ажиллагаа нэхэхэд ч оройтсон байж мэдэх.

Баянбогд нь Улаанбадрахчууд төдийгүй Дорноговьчуудын нэгэн бахархал бөгөөд далайн түвшнээс дээш 1053 метр өргөгдсөн өвөрмөц сонин тогтоцтой уул юм. Тус уулын бүсэд аргаль, хулан, хар сүүлт, шилүүс, мий зэрэг ховор амьтад оршин амьдардаг. 1800-аад оны үеэс эхлэн Мэргэн вангийн хошууны ноён өөрийн биеэр тахиж байсан тул “Ноёны тахилгат овоо” хэмээн нэрлэгдэж ирсэн эртний тахилгатай хайрхан бөгөөд уул орчимд ан гөрөө хийхийг хориглож, улай гаргахыг цээрлэсээр иржээ. Баянбогд хайрхныг Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 95 дугаар тогтоолоор “Аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэг”-ээр баталсан төдийгүй аймгийн ИТХурлын 2013 оны 4/08-р тогтоолоор аймгийн хамгаалалтад авсан байдаг. Тийм болохоор арай ч уулаа нураалгачихгүй байх гэж найдна. Гэвч одоогоор тус талбайд ямар нэгэн таних тэмдэг, эргэлтийн цэг тавигдаагүй учраас нутгийн айлууд Улаанбадрахдаа байгаа юу, Улсын нийслэлд нутаглаж байгаа юу гэдгээ ч мэдэхгүй яваа болтой юм билээ.

Хариуцдаг төлөөлдөг хүн байдаг бол иргэдийнхээ санал бодлыг уламжилж газар нутгаа авч үлдэх эс бөгөөс бэлчээр хөрсөө хамгаалах үүднээс наанадаж л тухайн компанид засмал зам ашиглалтад оруулчихаад уурхайн машин тэргээ явуулах гэх мэт асуудлыг анхнаас нь тавьж яаравчлан шийдмээр санагдана. Цаашлаад Улаанбадрах суманд юу үлдэх тухай ч яригдах нь зүйтэй болов уу. Баянбогд багийн малчдыг төлөөлөх эрх бүхий хүмүүс нь сум аймгийн удирдлагаар тогтохгүй, Монгол Төрийг ч түшилцэн суугаа билээ. Төрийн ордонд өрөөтэй хүмүүст Дорноговьчууд, түүний дотор Улаанбадрахчууд итгэлээ өгсөн нь дамжиггүй юм. Баянбогд хайрхныг барьцаанд тавьчихав уу, яав...?!

УЛААНБАДРАХЧУУДАД ЮУ ҮЛДЭХ ВЭ...?!

ASU.MN/Үргэлжлэл бий...

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.