| | USD/MNT 0₮
Засгийн газраас нүүрсний хэрэгтэй холбоотой ажлын хэсгийг өргөтгөж, шалгалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ. Энэ хүрээнд нийтдээ таван “Ш” буву шувуу ажиллагаа, шүгэл ажиллагаа, шүүр ажиллагаа, шилэн ажиллагаа, шилжүүлэн авч ирэх ажиллагаа гэх ажиллагааг хэрэгжүүлж авилгал албан тушаалын хэрэг, цаашлаад улс төрд шуугиан дэгдээсэн гэмт хэргийг таслан зогсоох Засгийн газрын шийдвэр гарав. Хэрэв хэрэгжиж эхэлбэл Монголын эдийн засагт чухал ач холбогдол бүхий хулгайн замаар бий болсон их хэмжээний мөнгөн дүнг эх орондоо оруулж ирэх юм. Харин үүнээс шувуу ажиллагаа олны анхаарлын төвд ороод байна. Учир нь улс төрийн томоохон эрх мэдэлд байсан зарим албан тушаалтнууд авилгалтай тэмцэх газарт хэрэг нь бүргэгдчихээд байхад гадаад руу оргон зугтаж, олон сар жилээр ор сураггүй алга болсон нь нийтэд хэдийн ил болоод байгаа билээ. Гэвч тэдний зарим нь хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа “Би зугтаагүй. Эмчүүлж байна” гэх мэт шалтаг тоочин өдийг хүртэл эх орондоо ирээгүй л явна. Тухайлбал ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Таван толгой төмөр замын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар эх орондоо Засгийн газрын шийдвэрээр ирэх хүмүүсийн тэргүүн эгнээнд яригдаж байгаа юм.
УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунай
УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай одоогийн байдлаар Солонгос Улсад амьдарч байгаа гэх мэдээлэл бий . Харин удахгүй эрүүгийн хэрэгтээ дуудагдахаар яригдаж буй хүмүүсийн нэгэнд яригдаж байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд лав олонд ил тодоор төрд алба хашаагүй. Харин гэр бүлийнхнийхээ хүрээнд үүсгэн байгуулсан хувийн компанидаа ажиллаж байсан гэх. Т.Бадамжунай нь хүргэн Э.Жаргалсайханыхаа гүйцэтгэх захирлаар ажилладаг “Монголдарь инвестмент” ХХК-иас 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. Мөн Т.Бадамжунайгийн гэр бүлийнхэн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хувийн компанидаа ажиллацгааж байсан гэх. Тухайлбал, охин Оюунбилэг нь 2018 оны зургаадугаар сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл өөрийнхөө үүсгэн байгуулсан “Түрүү таван эрдэнэ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, охин Гаваа нь 2019 оны гуравдугаар сарын 1-нээс хойш нэг сар нөхрийнхөө үүсгэн байгуулсан “Авшиг-Одсэр ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, охин Даваа нь 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл ээжтэйгээ хамт байгуулсан “Гурван-Эвтэн” ХХК-ийн Соёл, спорт, амралтын төвийн менежер, мөн 2015 онд ИНЕГ-ын Чингис хаан ОУНБ-ын Хэлтсийн дарга байжээ. Үүнээс гадна Т.Бадамжунайгийн үүсгэн байгуулсан “Хүрээт” ХХК, хүргэн Э.Анарын байгуулсан “Ану групп” ХХК, хүргэн Э.Жаргалсайханы байгуулсан “Универсал говь майнинг” ХХК-иудад хориг тавигдсан байна. Гэх мэт гэр бүл дамнасан бизнесийн хүрээ нь өргөн хүн аж.
Харин Т.Бадамжунайд эрүүгийн хэрэг хэрхэн үүссэн талаар дурдвал, түүнд эрүүгийн хуулинд заасан бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.
ХХААХҮ яамнаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хүрээнд 2012 онд төсөвт тусгасан 500 сая төгрөгийг зориулалтынх нь дагуу ашиглаагүй гэнэ. Тодруулбал, Завхан аймагт 2012 оны тавдугаар сард жижиг дунд үйлдвэрийг дэмжих нэрээр ямар ч төсөл сонгон шалгаруулахгүйгээр 500 сая төгрөгийг долоо хоногийн дотор төсвөөс гаргаж, нэр бүхий 108 иргэн, аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлжээ. Нэг үгээр хэлбэл, энэ 500 сая төгрөг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх жижиг, дунд үйлдвэрлэлийг нь дэмжихэд зарцуулагдах ёстой байв. Гэтэл энэ хэмжээний мөнгийг ямар замаар 108 иргэн, аж ахуйн нэгжийн хувийн данс руу шилжүүлсэн нь, яагаад төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй нь, мөнгө авсан иргэд ямар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Иймээс цагдаагийнхан 500 сая төгрөгийг хэн нэгэн завшсан байж магадгүй хэмээн сэжүүр гарган шалгаж эхэлжээ.
Мөрдөн байцаалтын явцад цуглуулсан баримтаас харахад, 108 иргэн, аж ахуйн нэгжийн удирдлага дунд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн хүн ч байсан аж. Тиймээс дээрх мөнгийг сонгуулийн сурталчилгаанд зориулсан байх магадлалтай гэдгийг ч хууль хяналтынхан хэлж байв.
Энэ хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай тэргүүтэй тус яаманд газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг ч мөрдөн байцаалтын явцад шалгах шаардлагатай гэнэ.
"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд дээр АТГ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгалтын тодорхой ажиллагаануудыг явуулсан байдаг. Дуулианы эзэн болоод буй Н.Удаанжаргалын хувьд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолоор энгэрээ мялааж явсан хүн. Түүнийг Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн хэмээн Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа ийнхүү өндрөөр үнэлсэн байдаг. Н.Удаанжаргалын аав Төрийн албаны зөвлөлийн анхны дарга агсан Ж.Норовсамбуу аж. Ж.Норовсамбуу агсны хувьд Улсын бага хурал болон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан төдийгүй Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын дарга, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн хүн байжээ. Харин түүний хүү Н.Удаанжаргал МАН-ын Шинэчлэлийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч зэрэг сонгуульт ажилд сонгогдож явжээ. Харин Н.Удаанжаргал нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилд 155 сая 300 мянган төгрөгийн орлогтой бол 380 саяын үнэ бүхий хоёр орон сууцтай аж. Land Cruiser 200, Nissan, Qashqai, Nissan, Patrol зэрэг туулах чадвар сайтай жийп машинуудаа 252 саяар үнэлжээ. Хурдан удмын 25 адуу, сайн үүлдрийн 208 үхэр, 150 хонь, 250 ямаа зэргээс бүрдсэн мал аж ахуй нь 585 саяын үнэд хүрэх бол 157 саяын үнэт эдлэлтэй, 119 сая 289 мянган төгрөгийн хадгаламжтай гэжээ. Тэрбээр “Туулайн хан” ХХК-ийг 100 хувь, Содон ном ХХК-ийн 60 хувь, “Лэнд мн”-ийн 80 мянган ширхэг хувьцааг тус тус эзэмшдэг
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
Дэлхийд нөөцөөрөө дээгүүрт бичигддэг “Оюутолгой” -н ордоо гадныханд ашиглуулж буй ч үр шимийг нь бид төдийлөн хүртэж чадахгүй байна. “Авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай” гэгчээр баялгаасаа болж сайн саараараа дуудуулж, энэ гэрээг байсхийгээд өөрчилдөг, засдаг болчихлоо. “Оюутолгой”-н гэрээг байгуулснаас хойш хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсны хамгийн хорлонтой нь 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн Газрын үед хийсэн Далд уурхайн бүтээн байгуулалтын буюу Дубайн гэрээг нэрлэж болно. Энэ гэрээг засахаар хоёр парламент дамнан УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байв.
Одоо Засгийн газраас ажлын хэсэг ажиллаж, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар ажиллаж байна. Энэ цаг үед "Рио Тинто" компанийн Зэсийн группийн захирал Б.Болд Улаанбаатарт ирж, уг ажлын хэсгийнхэнтэй хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа билээ. Ийм эгзэгтэй цаг үед Дубайн гэх тодотголтой гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Монголын цагаар шөнө дөлөөр мэдэгдэл хийсэн нь түүний булхай, арга заль илрэх гээд сандарч байгааг харуулж байна. Түүнийг уг гэрээтэй холбогдуулан АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байсан ч гадаад руу эмчлүүлнэ хэмээн яваад өнөөг хүртэл ирээгүй байгаа билээ. Тэрбээр өдгөө АНУ-д байгаа гэх мэдээлэл бий.