| | USD/MNT 0₮
Монголчууд “Сүхбаатарын талбай”-даа цуглан нүүрсний хулгайчдыг нэрлэ!!!, хариуцлага тооц!!! хэмээн шаардаж бухимдан жагссан. Монгол хүн түлш хулгайлахыг ёрлон цээрлэдэг үндэстэн. Гэтэл баримт нотолгоотой уг гал алдуулсан “түлшний хулгай”-г прокуророос “давсыг хулгайлж авдаг шүү дээ” гэдэг шиг тоомжиргүй хандсан хаах, шүүх рүү эзэнгүйдүүлэн буцаах замаар хэргийг бүдгэрүүлж байгаа нь нууц биш. Иргэд шүүх засаглалдаа итгэлийг үгүй хийж, үзэл бодлоо илэрхийлсэн нэгдэл хөдөлгөөн жагсаалыг хүчлэн тарааж, за болоогүй хууль ч батлаад авсан. Харин Монгол хүн гал алдсан нэгэндээ тусалдгаас гал алдахад хүргэсэн “ТҮЛШНИЙ ХУЛГАЙЧ”-даа мартаагүй...
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг бусдад их хэмжээний авлига өгсөн гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгасан байдаг. Энэ дээрх нүүрсний хулгайн асуудалтай хамгийн их хамаарах, яригдах зүйл. Гэтэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн ч түүнийг өмгөөлөн:
-А.Адъяасүрэн гишүүнд ямар нэг орд байхгүй, нүүрсний тээвэр хийдэг компанитай байсан. Тээврийн зардал өссөн тул нүүрсний тээвэр хумигдсаар байгаад А.Адъяасүрэн гишүүн бизнес хийх боломжгүй болсон гэж Бүлгийн хурлын мэдээлэл хийн бурж өгөв. А.Адъяасүрэнгийн холбогдсон нүүрс тээвэр дагасан авлигын гэмт хэргийг прокуророос дахин хааж, шүүх дээр хэрэг нь хэн гэгч шүүгч дээр очсон нь мэдэгдэхгүй болоод удлаа.
Ер нь нэг сануулаад хэлэхэд: Тэрбээр өөрийн хамаарал бүхий компаниуддаа нүүрс тээврийн “С” зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, Олон улсын байнгын ачаа тээвэрт ашиглагдах, хил нэвтрэх зориулалттай зөвшөөрлийн бичиг олгох, ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрх бүхий Ажлын хэсгийн ахлагч Г.Доржпаламд авлига өгөхөөр тохиролцож, 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хурлаар “Баянговь транс” ХХК-д 85, “Сан тээвэр групп” ХХК-д 190, “Топ “ ХХК-д 30, “Тэнгри транс” ХХК-д 172, “Ульгансар” ХХК-д 203 автомашинд тус тус олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авсан байдаг.
-УГААЖ ЦЭВЭРЛЭЖ БАЙВЧ, УГ НЬ ХАР НҮҮРСНИЙ ХЭРЭГ АРИЛАХГҮЙ-
Тэрбээр нийт 680 автомашинд олон улсын ачаа тээврийн зөвшөөрөл хууль бусаар авсны хариуд А.Адъяасүрэн өөрийн хүргэн Б.Г гэгчээр дамжуулан Г.Доржпаламд 100.000 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 320 сая төгрөгийн авлига болгон өгсөн нь ил болсон. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэргийг илрүүлж, 2020 оны тавдугаар сард эрүүгийн хэрэг үйлдэл нь ил болсон ч А.Адъяасүрэн АТГ-ын мөрдөн байцаагчтай уулзаагүй. Мөрдөгчөөс зугтаж байх энэ хугацаандаа тэрбээр өөрийн нэр дээрх нүүрс тээврийн компаниудынхаа нэрийг өөрчилсөн нь мөн л баримттай үлдсэн байдаг.
Тухайлбал, компаниудынхаа регистрийн дугаарыг өөрчлөлгүйгээр зөвхөн нэр болон эзэмшигчийн нэрийг өөрчлөн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байсан юм.
Угааж цэвэрлэж байвч
Уг нь хар нүүрсний хэрэг арилахгүй ил болдгийг гишүүн өөрөө мэдэж байгаа. Гэвч тэр ингэж угааж эхэлжээ.
Гэтэл нэг жилийн турш мөрдөгчөөс зугтсан А.Адъяасүрэнгийн авлигын хэргийг Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдорж хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Ерөнхий прокурор Ш.Нямдорж түүний найз гэдгийг эх сурвалжууд баталдаг. Авлигын хэргийг хэрэгсэхгүй болгох эл шийдвэртэй санал нийлээгүй мөрдөгч эсэргүүцэл гаргаж, Ш.Нямдоржийн гаргасан саналыг ашиг сонирхлын шалтгаантай байж болзошгүй тул хуулийн дагуу шалгаж, түүний шийдвэрийг хүчингүй болгох хүсэлт гаргасан байна.
Мөрдөгчийн гаргасан энэхүү хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс шалгаад, 2021 оны гуравдугаар сард Ш.Нямдоржид хариуцлага тооцож, прокурорын ажил эрхлэх эрхийг түдгэлзүүлжээ.
А.Адъяасүрэнгээс авлига авсан Х.Доржпалам болон тодорхой, баримт бүхий үйлдэлтэй эрүүгийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор нь хариуцлага хүлээсэн боловч гол эзэн болох А.Адъяасүрэн ямар нэг хариуцлага хүлээлгүй явсаар байгаа нь ТУЙЛЫН ҮНЭН.
Мөн түүний нэрээ сольсон компаниудын жолооч нар эсэргүүцэл илэрхийлээд байгаа. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин үйл ажиллагаа явуулдаг энэ эрхэм өөрөө хууль баталдаг байгууллагад бүрэн эрхтэй суугаа нь АЮУЛТАЙ. Иргэдийн эсэргүүцэл, хариуцан ажиллаж байгаа компанийнх нь ажилчдын эсэргүүцэл, ард түмний эсэргүүцлийн эсрэг түүнд гагцхүү барьсан бамбай нь УИХ-ын гишүүний бүрэн эрх л байгаа юм. Эрхийг нь түтгэлзүүлэх нь цаг хугацааны л асуудал.
Цаг хугацаан зогсонги биш хөдөлгөөнт зүйл. Цаг ирнэ. Гишүүн маань бүрэн эрхээ эдэлж дуусаад эрхээ хязгаарлуулах вий дээ. Иргэд гал алдаад байна шүү!!!