| | USD/MNT 0₮
Үндсэн хуулийн Шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Иргэний зориг, ногоон намын дарга Ц.Ганхуяг "Сүүлийн үед төсөлтэй сайн танилцаагүй байж ташаа мэдээлэл их явлаа. 1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон. Зөвлөлдөх уулзалтад орсон 70 хувь шинэ Үндсэн хуулийг хэлэлцэхийг шаардсан. Төр муу байгаа нь Үндсэн хууль тааруу байгааг харуулж байна. Зөвлөлдөх зөвлөлийг татан буулгая. Ийм байгууллага хэрэггүй. Шинэ Үндсэн хуулийг батлах эрх парламентад ч байх ёсгүй. Ард түмэн батлах эрхтэй. Дөрвөн нам багагүй хугацаанд дэмжлэггүйгээр өөрсдийн хөрөнгөөр шинэ хувилбарыг гаргасан. Бүх талаараа зөв болсон төсөл гэж харж байгаа.
1992 оны Үндсэн хуулиас бүх талаар илүү болсон гэж бид бодож байна. Энэ хуулийн төсөл ард түмний хэлэлцүүлгээр орж, шүүгдэх ёстой. Ард түмний засаглал тогтоохоор зорин ажилласан. Бид Засгийн эрх мэдлийг ард түмний гарт атгуулахын төлөө ажилласан. Үүний тулд шинэ Үндсэн хуулийн төсөлд Бүгд найрамдах засаглалын үндсэн зарчим бол ард түмний төлөө, ард түмнээс сонгогдсон засаглал мөн гэж оруулсан. Улс төрчдөд хариуцлага тооцож огцруулдаг, тогтвортой Засгийн газартай болох, Гүйцэтгэх эрх мэдэл олон толгойтой байгааг таслан зогсоох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, тангарагтны шүүхтэй болох, ҮХЦ-ийг татан буулгаж Дээд шүүхэд нэгтгэх, олон намын тогтолцоонд шилжих, орон нутагт улс төрийн намын үйл ажиллагааг хязгаарлах гэх мэт асуудлуудыг төсөлд тусгасан. Олонхийн саналаар гарсан саналыг энэ хуульд тусгасан. Харамсалтай нь 1992 онд батлагдсан хуультайгаа байх сонирхолтой этгээдүүд зохион байгуулалттайгаар дайралт хийж байна" гэлээ.