| | USD/MNT 0₮

АН-ын жинхэнэ тамгыг атгасан С.Эрдэнэ Лу.Гантөмөрийг хүлээн зөвшөөрөхгүй дахин даргын сунгааг зарлажээ

Ардчилсан намынхан гурван жилийн хугацаанд учраа олж хужраа тунгааж чадахгүй явсаар өнөөдөртэй золгов. Тодруулбал, АН-ын дэмжигчид нь Женко Х.Баттулгыг дэмжиж байгаа бол өнгөрсөн долоо хоногт Үндэсний бодлогын хорооны хурлаар Лу.Гантөмөрийг намын даргаар сонгов. Гэтэл намын жинхэнэ тамга тэмдэг нь С.Эрдэнэд байгаа атал АН-ынхан баярлалдаж, тамга тэмдэг хамаагүй ээ, бид намын даргаа сонгосон. Тамга чухал биш дарга чухал хэмээн мэдээлэл хийсэн. Мэдээж процессын дагуу Ардчилсан намынхан дараагийн дарга Лу.Гантөмөрийг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандана. Шүүхэд хандаж нэрийг нь баталгаажуулснаар намын дарга хүчин төгөлдөр болно. Харин намын тамгаа тас атгасан С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт болсон үйл явцыг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөөгүй.

Уг нь намын дарга болсон Лу.Гантөмөр гурван жилийн хугацаанд дотроо хагаралдаж толхилцсон эвдрэлцээд удаж буй АН-ынхныг эвлэрүүлэх ёстой гэсэн хүлээлт улстөрийнхний дунд үүссэн. Лу.Гантөмөрийг АН-ынхан шилдэг сэхээтнүүдийн нэг, төлөвшсөн улстөрч гэх малгай өмсгөн "урдаа барьсан". Гэхдээ асуудлын гогцоо бол С.Эрдэнэ болчихоод байгаа. Намаа сонгуульд ялагдалд хүргэсэн буруутан болж, намын тамга, даргын суудлаа Ц.Туваанд өгсөн гэх асуудлаас үүдэн хагаралдаж ирсэн АН-ын зовлон С.Эрдэнэ. Учир нь С.Эрдэнэ "Надад байгаа тамга албан ёсных, Дээд шүүхэд бүртгэгдсэн дарга нь би" гэдэг. "Ардчилсан намын даргаар Лу.Гантөмөрийг сонголоо" гэх мэдээлэлтэй зэрэгцэн С.Эрдэнэ даргатай АН-ынхан "АН-ын ҮБХ-ны хурал гээч дүрмийн бус улстөрийн жүжиг шоу мэт хурлууд хүчингүй бөгөөд АН-ын мянга мянган гишүүдийг залилан мэхэлсэн мөнгөний сонгууль луйвар юм. Эндээс хэн ч гарсан эрх зүйн чадамжгүй хууль бус дарга байх болно" хэмээн мэдэгдсэн. Нэг үгээр С.Эрдэнэ ийнхүү дахин тас гүрийсэн. Тэгэхээр АН дараагийн дарга Лу.Гантөмөрийг бүртгүүлэхээр Дээд шүүхэд хүсэлт хүргүүлэхээсээ өмнө С.Эрдэнэтэй эв нэгдлээ хангаж, зөвшөөрлөө авах нь илүү чухал асуудал болчихоод байгаа энэ цаг үед гүрийсэн С.Эрдэнэ АН-ын даргын сунгааг зарлаж, Их хурлаа хуралдуулахаар болжээ. Энэ талаараа өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийнэ. Мэдээлэлд УИХ-ын гишүүн Д.Ганбат оролцохоор болжээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.