| | USD/MNT 0₮

ТҮРГЭВЧИЛСЭН ХУУЛЬ ТҮМНИЙ ФРОНТООС УХАРСУГАЙ...

        Монголчууд бид чинь “ЦУСГҮЙ АРДЧИЛАЛ” цогцлоосон гайхамшигт улс шүү дээ. Үүнийхээ ачаар цээжин дэх уур хилэнгээ ил гаргачихдаг, нийгмийн болохгүйг шүүмжилчихдэг, дарга цэргээ “загначихдаг”, бүр болоогүй дэлхийн асуудлыг хүртэл дэнслэн мэтгэлцээд шийдэрийг нь бараг л зөнчдөөс илүү нарийн зураглалтай хэлдэг ард түмэн. Ёстой л нэг Ардчиллын буянаар хэлэхээ хэлж, хийхээ хийж, тарвалзаж байдаг ард түмэн. ГЭТЭЛ...

        Намрын чуулган хаах сүүлийн өдөр Засгийн газраас өргөн барьсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийн төсөл өнөөх ардчилсан иргэдийн бухимдлыг “ташуурдаад” байв.

Олон нийтийн цахим сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах зорилготой гэсэн тус хуулийг Засгийн газраас энэ сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлж, яаралтай горимоор хэлэлцүүлж “хүч түрэн” гурав хоногт баталчихлаа. 

Хардлага-1: Цахим хөгжил, харилцаа холбоо /ЦХХХ/-ны сайд Н.Учралын өргөн мэдүүлсэн “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг Г.Занданшатар дарга өнгөрөгч Лхагва гараг /2023.01.18/-т хүлээж аваад Баасан гараг /2023.01.20/-т МАН-ын 39 гишүүнээр батлуулсан юм. Тус хууль батлагдсанаар иргэдийн фейсбүүктээ оруулж буй зураг, дүрс, бичвэрийг төрөөс хянаж, үзэлтийг нь бууруулж, хаягийг нь устгах хүртэл арга хэмжээ авна гэж буй юм. Тэгвэл эрх баригч МАН-аас тус хуулийг яаран баталсан нь удахгүй болох сонгуульд зориулсан байж магадгүй байна.

Энэ талаар Хүний эрхийн хуульч Б.Пүрэвсүрэн "Хоёр хоногийн өмнө хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барьсан. Гол асуудал бол УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой асуудлыг зөвхөн яаралтай горимоор хэлэлцэнэ. Гэтэл хүний эрхийн амин чухал асуудлыг хууль тогтоомжийн тухай хуулиа зөрчин байж, хоёр хоногийн өмнө өргөн бариад, өнөөдөр батлах гэж байгаа нь анхаарал татаж байна. Гэтэл хуулийг хулгайгаар хэрхэн баталдаг сонгодог жишээг дахин харууллаа.

       Энэ хууль бол хүүхдийн эрхийг хамгаалах гээд байгаа асуудал биш. Монголчуудын эрх, эрх чөлөөний асуудал. Бидний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, итгэл үнэмшилтэй байх, магадгүй тайван жагсаал цуглаан хийх эрхийг нухчин дарах гэсэн улс төрийн оролдлого болж байна. Хуулийн үйлчлэлд өртөх иргэдийн санал, мэргэжлийн байгууллагын санал зөвлөмжийг тусгаж, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэх ёстой. Нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэсэн сайхан нэртэй ч эсрэгээрээ хүний эрхийг хязгаарлах хууль боловсруулсан байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн чинь тандан болон үр нөлөөний, харьцуулсан судалгаа нь хаана байна, олон нийтийн хэлэлцүүлэг, мэргэжлийн байгууллагын санал шүүмжлэл нь хаана байна. Байхгүй байна. Өчигдөр гэнэт гараад ирсэн. 6 бүлэг бүхий хуулиар олон нийтийн амыг барьж, эсрэг шүүмжлэлийг дарах гэсэн хуулийг оруулж ирлээ. Намрын чуулган засварлах сүүлийн хоногт, сонгуулийн өмнө, 3 хоногт багтааж олон хууль зөрчин батлах гэж байна" гэлээ. 

      За ингээд тулаан эхэлнэ ээ. Хууль санаачлагч ЦХХХ-ны сайд Н.Учрал ТОЛГОЙЛОН тус хууль батлагдсанаар “Хүүхдийг цахим орчинд эрсдлээс сэргийлж, хуурамч хаяг буюу троллуудаас хүний нэр төрийг хамгаална” зэргээр тайлбарлаж эхэлнэ. Эсрэг талаас Хэвлэлийн фронт, Хүний эрхийг баримтлагчид, ард түмэн нэгдэв. Хууль батлагдах явцын гурав хоног ААЗ-ын үлгэрийн төрлийн хамгийн тод жишээ болж эсрэг талууд “Гурван өдөр

Гурван шөнө” тулалдаад олонхын тал ялагдчих шиг боллоо. Гэхдээ тэд одоохондоо ЦАГААН ТУГ өргөөгүй байгаа шүү!!!

Хардлага-2 “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн 7.1.2-т Үйлчилгээ эрхлэгч /Facebook, Twitter гэх мэт/ нь зөрчилтэй контент, эсхүл зөрчилтэй контент агуулсан хэрэглэгчийн мэдээллийг гаргуулах, хаягийг түдгэлзүүлэх, устгах, мэдээллийн тархцыг бууруулах талаар олон нийттэй харилцах нэгжийн хүсэлт, шийдвэрийг хүлээн авч, хянан шийдвэрлэх” гэжээ. Мөн хуулийн 7.1.3-д “Энэ хуулийн 7.1.2-т заасан хүсэлтийн тоо, түүнийг хянан шийдвэрлэсэн тайлан мэдээг жил бүр олон нийттэй харилцах нэгжид хүргүүлэх” гэсэн байна.

Энэ нь иргэдийн фейсбүүктээ оруулсан зураг, постыг Олон нийттэй харилцах нэгж /ОНХН/ байгуулна. Н.Учрал сайдын хэлснээр 13-15 хүний бүрэлдэхүүнтэй. Тэд Төрийн, яамны, ямар нэгэн эрх ашгийн нөлөөлөлд бус зөвхөн цахим хэрэглэгч Таны хяналтанд байхаар олонд үг, үнэ цэнэ бүхий хүмүүсээр бүрдүүлнэ гэх. Гэтэл одоохондоо олонхын талд байна уу? Яваандаа тулааны явцад эсрэг талд “урвагч” болох уу гэдгийг хэн ч таах билээ. ЦХХХЯ-ны дэргэд байгуулагдсан байгууллага нь санал, гомдлын дагуу “зөрчилтэй контент” гэх ангилалд оруулаад устгах, хүртээмжийг нь бууруулж, цаашлаад хаягийг түдгэлзүүлэх нь Тэд хуулийг түргэвчилсэн эрх мэдэлтэн болох уу? гэдэгт хэн ч эргэлзэнэ. 

За хар яриагаар Тэд таалбал устгахгүй, таалагдахгүй бол устгахгүй ээ л гэж. Гэтэл ХААН л ТААЛДАГ бөлгөө. Бид хаант, автономит, социолист засгаа туулчихсан АРДЧИЛСАН УЛС тул дээрх хуулийг эсэргүүцээд байгааг

Унтаж байгаа хүн ч мэдэрнэ

Уйлж байгаа нялхас ч ойлгоод байгаа юм аа.

Хардлага-3: Эрх баригч МАН-ын зүгээс удахгүй болох УИХ-ын сонгуульд зориулан баталсан байж магадгүй. МАН  удахгүй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөл /ҮХНӨ/-т оруулж, улмаар УИХ-ын ээлжит бус сонгуулийг ҮХНӨ-ийн дагуу хийх магадлалтай. Харин Үндсэн хуулийг өөрчлөхдөө, УИХ-ын сонгуулийг холимог системээр явуулж, парламентын гишүүдийн тоог 150 -аас дээш болгон нэмэгдүүлнэ гээд яриа дэгдсэн.

Иймд зарим эх сурвалжууд, “МАН-ынхан иргэдийн жагсаал цуглаанаас болгоомжилж, мөн УИХ-ын сонгуульд бэлдэж “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах” нэртэй хуулийг хүүхдийн нэрийг барьж баталлаа. Үнэн хэрэгтээ тэд ҮХНӨ-ийг удахгүй хийгээд ирэх наймдугаар сар /2023.08/-д УИХ-ын ээлжит бус сонгуулийг хийхээр төлөвлөж байгаа нь болзошгүй асуудал. Н.Учралын өргөн барьж батлуулсан тус хууль гол жагсаал цуглаан болоод сонгуулийн үеэр л ашиглагдана хэмээн хардаж байгаа юм. 

Сайд Н.Учрал өөрийн цахим хуудсаар: 

-Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөнд халдах, хязгаарлах 

-Намын тролл-ЧИД өөрийгөө хамгаалж үлдээд бидний эрхэнд халдах гэж байна

-Яагаад энэ хуулийг 3 хоногт батлав гэсэн эсрэг фронтын довтолгоонд тайлбар өгсөн. Гэхдээ... Гэхдээ... Гэхдээ... гэсэн хардлагууд ИЛ юм шиг сайд намжуухан тайлбарласан ч хуулийн заалтууд нь 

Эрдэмгүй хүн ч уншаад анализ хийчихмээр

Эмгэд өвгөд ч цайлах зуураа ам зөрчихмөөр ил тод буруутгагдахаар байгааг анзаарна биз ээ. Иймд тус хуульд хориг тавих эрх зөвхөн Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ-д л үлдээд байна. 

Хятад, Орос хэмээх социалист хоёр далайн голд Ардчилсан Монгол аралд жарган амьдрахад хуулиа л эвсээд, эвлээд, зөвшөөд, зөвлөлдөөд баталчихдаг улс төрч нартай болох гэж 33 жил харлаа. Сайн цаг ирнэ. Сайн хууль ч баталдаг болох нийгэм ойрхон.

За, бүх нийтээрээ хуулиа уншицгаая!!!

У.УРАНЦЭЦЭГ

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.