| | USD/MNT 0₮
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сарын 29-нд шинэ сайд нараа томилсон. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар "Оргил"-ын гэх тодотголтой Ж.Ганбаатар томилогдож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг бүрдүүлдэг эдийн засгийн тулгуур салбарыг толгойлох эрх мэдэлтэй болсон юм. Тэр чинээгээрээ ч доод шатны дарга нарын халаа сэлгээг хийж, өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлсэн гэнэ. Тодруулбал, тэрбээр шинэ сайдын суудалд заларсан даруйдаа Геологийн төв лабораторийн даргаар Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Мөнхбаатарыг томилсон. Д.Мөнхбаатар нь Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байхаасаа л Ж.Ганбаатарын хамгийн ойрын хүн байсан гэх. Цаашлаад Ж.Ганбаатар УИХ-ын гишүүний сэнтийд очих хүртэл Д.Мөнхбаатар түүнийг дэмжиж, сурталчилж, одоог хүртэл сайдын "Дуулгавартай албат" байсаар байна гэв. Магадгүй энэ нь түүнийг Геологийн төв лабораторийн даргаар томилогдох болсон том шалтгаан гэж хардаж байгаа юм. Гэвч аливаа томилгоо нь хуулийн дагуу буюу авилгалтай тэмцэх газарт ашиг сонирхолын зөрчилгүй эсэхээ шалгуулж, тухайн газрын зөвшөөрлийн дагуу явагддаг. Харин Д.Мөнхбаатар нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар шууд томилогджээ.
Ийнхүү Д.Мөнхбаатар дуулгавартай нэгэн байсныхаа төлөө Геологийн төв лабораторийн даргын сэнтийд заларч, тухайн байгууллагынхаа мэргэжлийн боловсон хүчнийг нэг нэгээр нь шалтгаангүй халж эхэлсэн гэв. Гэвч төрийн албаны тухай хуулийн 46.2.1-д Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон, 46.2.2.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 46.2.3.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 46.2.4.өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлдөг. Харин Д.Мөнхбаатар Геологийн төв лабораторийн мэргэжлийн ажилчдыг хуулийн ор үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, халах тушаал гаргаж, алба, хэлтсийн дарга нараа өөрийн хүнээр орлуулж байгаа нь учир битүүлэг. Ингэж өөрийн дураар аашилсан даргын шийдвэрээс үүдэн зарим төрийн алба хаагчид ажлын байргүй болж, эрх үүргээ хаалгаж, тухайн салбарын болоод төрийн үйл ажиллагаа удаашрахад хүрээд байгаа юм.
Иймд үе, үеийн сайд нарын жишгийг дагасан УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хууль бус томилгоо шат шатанд үргэлжилж, хурган дарга нар ээлж нэгээр солигдох болсон нь хөшигний ард авилгал хээл хахууль, албан тушаалын томоохон хэрэг явагдаж байх вий гэх сэдэл төрүүлэх аж. Цаашлаад Монголын хөгжлийг тодорхойлох нэн чухал салбарт энэ мэт "Бохир гар" дүрэгдсээр байвал төрийн амлалт биелэх нь юу л бол...