| | USD/MNT 0₮
Монголын барилгын салбарт чухал ач холбогдол бүхий "Хөтөл" цемент шохойн үйлдвэрийг Засгийн газар "Хувьчлал хуудуутай асуудал байна" гэх нэрийдлээр төрд авч үйл ажиллагааг нь гацаагаад буй. Харин тус үйлдвэр нь хувийн хэвшилд байхдаа орчин үеийн техник технологиор бүрэн хангагдаж, боловсон хүчний бүрэлдэхүүн дор улсдаа татвар төлж эрчимтэй үйл ажиллагаа явуулж байсан юм. Гэвч төрийн балгаар уг үйлдвэрийн үйл ажиллагаа саатаж, үйлдвэр засвартай байгаа гэх шалтаг гарган хойшлуулж байсан нь Монголын барилгын салбарт төдийгүй томоохон бүтээн байгуулалтад цементний хомсдол үүсгэсэн.
Мөн төр хэлэхдээ Хөтөл цементийн үйлдвэрийг өөртөө авснаар олон жил гацалтад байсан Дарханы замын бүтээн байгуулалтад цемент нийлүүлж тус замын ажлыг түүхэнд байгаагүй эрчимтэйгээр үргэлжлүүлж, саадгүй явуулна хэмээн цээжээ дэлдээд байв. Гэвч хэлсэндээ хүрээгүй. Түүнчлэн улсынхаа дотоодын хэрэгцээг хямд үнэтэй цементээр хангана гэх мэт ам гарч байв. Ингэж бардам ам, шалдан гуяа алгадсан төрийн шийдвэр хэрэгжээгүйн улмаас тус үйлдвэрийг нуруундаа үүрч явсан олон залуусын урам зориг мохож, цаашид ажиллах хүчингүй болох эрсдэлтэй нүүр тулаад байгаа юм.
Төр энэ мэт хувийн хэвшлүүдээ чөдөрлөж, удаа дараа амыг нь тагалж байгаа нь дан ганц цементний үйлдвэрээр зогсоогүй. Монголд эрчимтэй үйл ажиллагаагаа явуулж, шинээр ажлын байр бий болгож буй залуусын хөдөлмөр, хийж бүтээх гэсэн хэн нэгний зориг зүрхийг төрийн нэрээр үгүй хийж байгаа нь энгийн нэг үзэгдэл болоод байна. Цаашлаад энэ нь хэсэг хүмүүсийн хувийн ашиг сонирхол, авилгал, албан тушаалтай холбоотой "цөлмөх" ажиллагаа гэж хардаж болохоор.
Хэн дуртай нь хувийн хэвшлээ дээрэмдэж, хуйгаар нь төрд аван хөдөлмөр эрхлэгчдээ өр, зээлтэй нь хөсөр хаяж байгаа энэ явдал удаан үргэлжилбэл манай улсад шурдарга ёс, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт гэж ам гараад ч хэрэггүй болжээ. Өөрөөр хэлбэл төр хувийн хэвшлүүдээ намнасаар, саалийн үнээгээ бэлдэж байгаа нь энэ бололтой.