| | USD/MNT 0₮

Х.Баттулгыг барьж хорьж шалгахгүй байгаа цаад шалтгаан нь В.Путин гэв үү

        Монголын нийгэм үйл явдал болон сенсаациар арвин байна. Өнгөрсөн 12 дугаар сард мөсөн уулын орой болсон нүүрсний хулгайн гэх хэргийг ил болгож гаргасан ард түмэн хариуцлага нэхсэн жагсаалыг бүтэн сар талбайд хийлээ. Үр дүн гараагүй хэдий ч өнөөдрийн байдлаар нүүрсний гэх хэрэгт холбогдолтой улстөрчид болон нэр бүхий 17 хүний нэрийг зарлаж, хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байгаа. Тэдгээр нэрсийн дунд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр байсан бөгөөд тэрбээр энэ асуудлаар12 сарын 17-ны өдөр АТГ-т мэдүүлэг өгсөн байдаг. Харин мэдүүлэг өгсөнийхөө дараа БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагаас түүнд хилийн хориг тавьсангүй. Байцааж тайлбар мэдүүлэг аваад хилээр чөлөөтэй гараад явах эрхийг нь үлдээсэн юм. Үүнд эгдүүцсэн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Х.Баттулга өнөө өглөө /2022.12.18/ 10.00 цагийн үед хилээр гараад зугтжээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтсан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ? АТГ” хэмээн цахим хуудаснаа бичсэн байсан. 

        Харин экс Ерөнхийлөгч эмчилгээ хийлгэнэ гэсэн нэрийдлээр БНСУ руу явсан Х.Баттулга хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн. Хоёр хоногийн өмнө гэхэд УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон иргэн С.Баярцогт хоёрыг хуйвалдаж, АН-ын даргын суудлыг хууль бусаар авахыг санаархаж байгаа тул эл асуудлыг нь ҮХЦ-д шалгуулахаар хандсан байгаа талаараа мэдээлэл хийсэн юм. 

     Мөн түүнтэй хамт шалгагдаж байгаа нэр бүхий хилээр гарч яваад эргэж ирээгүй байгаа. Хэзээ ирж, хуулийн байгууллагад мэдүүлэг тайлбар өгөх нь тодорхой бус. Харин экс Ерөнхийлөгчийг эмчилгээ хийлгэхээр яваагүй, харин БНСУ-аар дамжаад Сингапурт очиж хамаарал бүхий этгээдүүдтэйгээ “сэм” уулзалт хийж, хойшид тавих хороо найруулчихаад ирлээ гэсэн шум мэдээлэл олон нийтийн дунд гарсан байгаа юм. Гэхдээ БНСУ-д эмчилгээ хийлгэсэн үү, Сингапур улсад очиж нүүрсний гэх хэргээр хор найруулсан уу гэдгийг бол хэн ч мэдэхгүй, хэн ч хараагүй. 

        Тэгвэл нүүрсний хэрэгт холбогдож, нэрээ зарлуулсан Х.Баттулгыг АТГ-аас яагаад хорьж шалгахгүй байна вэ гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Экс Ерөнхийлөгч гэдэг утгаар эвийлээд толгойг нь илсэн үү, эсвэл өөр шалтгаан байсан уу. Уг нь бол Х.Баттулга Ерөнхийлөгч биш иргэн хүн. Түүнийг цагдан хорьж шалгах бүрэн боломжтой. Тэрбээр ҮАБЗ-ийг толгойлж байсан гурван хүний нэг учраас нүүрсний гэх хэргийн учиг зангилааг бүгдийг мэдэхийн дээдээр маш сайн мэдэж байгаа. Гэтэл тэрбээр ам ангайж, учиг тайлсангүй, хэвлэлийнхэнд ч нүүрсний асуудлаар тоймтой тодорхой мэдээлэл ярихгүй байгаа юм. Тэгвэл энэ бүхний цаана ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байж болзошгүй гэсэн мэдээлэл цахим сүлжээнд мэр сэр харагдах болов. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга В.Путинтай ойр дотно байдаг гэсэн мэдээлэл бий. Хэрвээ түүнийг цагдан хорьж, асуудал үүсгэвэл ОХУ-аас импортоор орж ирдэг шатахууны асуудалд саад үүсч магадгүй гэсэн болгоомжлол байна. Манай улс шатахууныхаа 70 хувийг ОХУ-аас импортоор оруулж ирдэг. Хэрэв Х.Баттулгыг цагдан хоривол В.Путин Монгол Улс руу нийлүүлэх шатахуундаа хилийн хориг тавихыг үгүйсгэхгүй. Манайх үйлдвэрлэгч улс биш Монгол Улс шатахууны хомсдолд орж байдал бишдэж балрах вий гэсэн том болгоомжлол байна. Тиймээс Х.Баттулгаар хамаагүй оролдож болохгүй байгаа, нөгөөтэйгүүр чадах ч үгүй гэсэн албан бус мэдээлэл твиттэр болон цахим сүлжээнд хөвөрсөн харагдана. Тэгвэл эх орондоо ирсэн байгаа Х.Баттулгыг АТГ болон шүүх, прокурорын байгууллага хэрхэн яаж шалгахыг, ямар хариуцлага хүлээлгэхийг цаг хугацаа л харуулна. 

 

 

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.