| | USD/MNT 0₮

МАН:2023-2024 онуудын санхүү, эдийн засгийн хамгийн том эрсдэлүүдийг хааж, дефолтоос бүрэн гарлаа

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, инфляцийн нөхцөл байдлын талаар Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлэл, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг  Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал бүлгийн гишүүдэд танилцуулж, гишүүд асуулт асууж, үг хэлжээ. Мөн Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын танилцуулгыг хийсэн байна.

Инфляцийг 2023 оны эхний хагаст нэг оронтой тоонд хүргэх бодлогын чиглэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Монголбанк төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх. Бодлогын тохируулгыг оновчтой хэрэгжүүлэх

Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

Зээлжих зэрэглэл буурах болон аливаа хоригт орох эрсдэлээс сэргийлсэн бодлогын тохируулгуудыг тухай бүрд авч хэрэгжүүлэх багтжээ.

Олон  нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг бүлгийн гишүүд үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. УИХ-ын 2021 оны арванхоёрдугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын  хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 82 дугаарт  “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг Засгийн газар санаачлан боловсруулахаар заасны  дагуу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулжээ.

Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлснээр, олон улсын хөрөнгө оруулагчдаас энэхүү Өрийн зохицуулалтын үйл ажиллагаанд 9 дахин их санал ирүүлж, хөрөнгө оруулагчдын итгэл түүхэнд байгаагүйгээр сэргэж эхэллээ.

2023-2024 онуудын Монгол Улсын санхүү, эдийн засгийн хамгийн том эрсдэлүүдийг хааж, дефолтоос бүрэн гарлаа.

Энэхүү өрийн зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж чадаагүй бол Олон Улсын байгууллагуудтай хөтөлбөр хэрэгжүүлэх хэмжээнд хүрч, УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө цалин тэтгэвэр, хөрөнгө оруулалт, хүүхдийн мөнгийг танах хэмжээнд хүрэх байсан. Засгийн газар өрийн зохицуулалтын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээр бусад аж ахуйн нэгжүүдийн олон улсын зах зээлд гарах боломжийг нээж өгсөн гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.