| | USD/MNT 0₮

Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр тохиож байна

Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталжээ.

Анхдугаар Үндсэн хууль 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Үндсэн хуулийг баталсан байна. Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй ба 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан байна.

Хоёрдугаар Үндсэн хууль 1940 оны зургадугаар сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталжээ. Энэ хууль 12 бүлэг, 95 зүйлтэй байсан. БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор /1941.02.14/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймгууд ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно” хэмээн заажээ.

Гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны долдугаар сарын 6-ны өдөр баталсан. Энэхүү хууль 10 бүлэг, 94 зүйлтэй байжээ. БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар /1978.12.26/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд:

“БНМАУ-д гагцхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Улсын Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатууд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор хууль санаачлах эрхтэй.

Монголын Үйлдвэрчний Эвлэл нь Төв Зөвлөлөөрөө, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл Төв Хороогоороо уламжлан хууль санаачлах эрх эдэлнэ” гэж заажээ.

Дөрөвдүгээр Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталжээ. Энэхүү хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй байсан. Гэхдээ тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мөрдөж байна. Эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.” гэсэн заалт нэмсэн байна. Мөн 2019 онд нэмэлт оруулсан байдаг Энэ нэмэлтээр Ерөнхий сайдад танхимынхаа гишүүдийг томилж чөлөөлөх эрх олгосон.

Ер нь АНУ-д Үндсэн хууль анх үүссэн гэж үздэг байх юм. Ийм хуультай болоход тус улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон. Александр Гамильтон, Жеймс Мединсон зэрэг хүмүүс түүхэн гавьяа байгуулсан гэж түүхэнд тэмдэглэгджээ. Тэр үед 13 Муж улс нэгдэн АНУ-г байгуулсан гэнэ. Филадельфий муж улсын Мужийн захиргааны Ордонд 9 муж улсыг төлөөлсөн 29 төлөөлөгч 1787 оны 5 сарын 27-нд цугларан 18 өдөр хуралдаж анхны Үндсэн хууль баталсан байх юм. Эдгээр төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 81 настай байсан. Харин төлөөлөгчдийн дундаж нас нь 43 байсан гэнэ. АНУ-ын Үндсэн хууль (1787 он)-д түүнээс хойш нийт 26 удаа нэмэлт өөрчлөлт оржээ. Эдгээрийг “жижиг” нэмэлтүүд гэж тодорхойлсон байдаг гэнэ. АНУ-ын Үндсэн хууль нь дэлхийн анхны бичмэл хууль байхаас гадна хамгийн урт настай Үндсэн хууль гэж нэрлэгджээ.

“Үндсэн хууль нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататгасан төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим дээр үндэслэгдсэн хуулиудын хууль бүхий дээд хүчин чадалтай улс төр, эрх зүйн баримт бичиг” гэж тодорхойлсон байна. Ер нь төрийн эрх мэдэл хуваарилах онолыг бүтээж Үндсэн хуулийн нэг гол зарчим, үзэл баримтлал болгосон явдал нь хүн өөрийнхөө эрх, эрх чөлөөг хамгаалах талаар хийсэн ололт гэж зарим судлаачид онцолсон байх юм.

Монгол улсын 4 дүгээр буюу Ардчилсан шинэ Үндсэн хууль 1992 оны 1 дүгээр сарын 13-нд баталсан юм. Үндсэн хуулийн 31 жилийн ой өнөөдөр ийнхүү тохиож байна.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.