| | USD/MNT 0₮
Өчигдөр орой дөрвөн шинэ сайд тангарагаа өргөж, Ерөнхий сайдын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ болов. Л.Оюун-Эрдэнэ шинээр нэг кабенит бий болгосон нь Боомт хариуцсан сайдтай болохоор өнгөрсөн намар хэлж, өнөөдрийг хүртэл сайд нь томилогдоогүй байсан юм. Тэгвэл энэ сайдад УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг санал болгож зөвшилцөж сайдаар томилов.
Тодруулбал, Х.Булгантуяа нь 1981 онд Архангай аймагт төрсөн. 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль, 2006 онд БНХАУ-ын “Хуажун” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч мэргэжлээр тус тус төгсөж, 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр хамгаалсан.
2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Сангийн дэд сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, боомтуудыг автозамаар холбох, олон улсын жишигт нийцүүлэн бүх боомтыг хөгжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлж, 45-50 саяд хүргэх зорилтуудыг хэрэгжүүлж чадна хэмээн итгэж, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагыг нь харгалзан Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.