| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Гишүүн Б.Энхбаяр "Хуулийн 10.7 дахь заалт дээр Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас санхүүгийн хэрэгсэл худалдан авах, худалдах харилцааг Монголбанк, санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмаар зохицуулна гэжээ. Энэ харилцаа журмаар бус Үнэт цаасны хуулиар зохицуулагдах ёстой. Хууль тогтоох эрх мэдэл зөвхөн УИХ-д хадгалагдаж байгаа. Гэтэл хууль тогтоох эрх мэдэл хоёр янзаар Засгийн газар руу шилжээд байна. Засгийн газар болон сайд нар энэ журмыг зохицуулна гээд хууль тогтоох эрх мэдлийг булааж аваад байна. Дараа нь хариуцлагыг нь УИХ үүрдэг. Боломжтой харилцааг хуульчлах ёстой. Журмын цаана эрх олж аваад хулгайгаа хийгээд байна. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас гарах баталгаа, батлан даалт тавих шаардлага нөхцлийг Монголбанк журмаар зохицуулна гэсэн ерөнхий ганц үг байна. Ямар шаардлага, нөхцөл, хүрээ хязгаар байх вэ гэдгийг хуульчлах ёстой.
УИХ Үндсэн хуульд зааснаар төрийн мөнгөний бодлого, зээлийн бодлогыг тогтоох заалт бий. УИХ-ын хуваалцдаггүй бүрэн эрх. Энэ бүрэн эрхийг Монголбанк журам гаргаад л авах нь. Үүнийг нарийвчлах шаардлага байна. Арилжааны банкуудын удирдлага хувь хүнээрээ эсвэл өөрийн үүсгэн байгуулсан хамаарал бүхий компаниараа баталгаа гаргаж, өөрийн банкнаас гаргаж байгаа зээл дээр өөрөө иргэнээр, компаниараа мөнгө угаасан асуудал гарсан. Үүнийг нотлох баримттайгаар Түр хорооны сонсгол дээр ярина. Үүнд Монголбанк оролцдог, өөгшүүлдэг, хуйвалддаг нөхцөл байдлууд тогтоогдож байна. Эцсийн хэлэлцүүлэг дээр журмаар зохицуулсан асуудлуудыг гүйцээн боловсруулж хуульчилж тодорхой болгох дээр чиглэл өгөөч гэж хүсэлт гаргаж байна" гэлээ.