| | USD/MNT 0₮
Казино, бооцоот морин уралдааны хуулийн төслийг өргөн барисан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “МУ-ын Их хурлын даргад МУ-ын ЗГ-аас гурван хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөрт таавар тоглоомын тухай хуулийн төслүүдийг тус тус өргөн мэдүүллээ.
Ингэснээр аялал жуулчлалын чиглэлийг дэмжих хүрээнд аялал жуулчлалын багц хууль болгож аялал жуулчлалын хууль болон дээрх гурван хуулийг хамтад нь УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн. Казино бол дэлхийн маш олон оронд цэнгээнт аялал жуулчлалын хөтөлбөрт орж явдаг. Тэр утгаараа Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлье гэж бодож байгаа бол гарцаа байхгүй казиногийн хуулийг баталж, казино байгуулж, түүгээр дамжсан аялал жуулчлалыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Дэлхий дахинд морин бооцоот тэмцээний хоёр үндсэн хэв шинж хадгалагддаг. Нэг нь ашгийн төлөө, нөгөөх нь ашгийн төлөө бус. Бид ашгийн төлөө бус хэв шинжээр нь явуулна. Хэн нэг хүн казиногийн лиценз аваад бусдад дамлаж зарах боломжийг энэ хуулиар хааж өгсөн. Оролцогч Монгол Улсын Засгийн газарт 300 саяас дээш ам.долларын бодит хөрөнгө оруулалт оруулахаа илэрхийлсэнээр тухайн өрсөлдөөний явцад казиногийн тусгай зөвшөөрлийг олгоно. Тодруулбал, 1 их наяд төгрөг гэсэн үг. Үйл ажиллагаа эхлүүлснээс хойш өдөр тутмынх нь орлогын 40 хувийг нь казиногийн орлогын албан татвар болгож хураана. Бид үүнийг судалж байж, хийсэн. Түүнээс санаанаасаа зохиогоогүй. Олон улсын туршлагаас санаа авсан" гэв