40 настай О.Бурмаа
АНУ-ын Коралвилль хотод өндөрлөсөн чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд манай эмэгтэй баг тамирчид хүрэл медалийн эзэн болсон билээ. Бүсгүйчүүд маань эзэн орны багтай хийсэн хамгийн сүүлийн барилдааны үеэр ордны тайлбарлагч "Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмааг 40 настай тамирчин" гэж зарлахад "Xtream Arena"-д цугласан үзэгчид халуун алга ташилтаар түүнд баяр хүргэжээ. Дэлхийн цомд энэ жинд барилдах ёстой байсан жингийн дүү ОУХМ Г.Ариунжаргалын виз нь гараагүй учраас явж чадаагүй. Тиймээс АНУ-д 10 жилийн зорчих визтэй О.Бурмаа Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багаа бодож 76 кг-ын жинд хүч үзэж өөрөөсөө 20 насаар дүү бөхчүүдтэй барилдсан юм. "Афин-2004", "Лондон-2012", "Рио-2020" гурван олимпод найман жилийн давтамжтай эх орноо төлөөлөн оролцсон түүний хувьд Монголын чөлөөт бөхийн хүнд жинг 20-иод жил нуруундаа үүрч, дэлхийн нэг үзүүрлэж, хоёр хүрэл медаль хүртэж, оюутны дэлхийн аварга болж, Азийн наадмаас мөнгө, хүрэл, Азийн аваргаас иж бүрэн медаль. Дээрээс нь Иван Ярыгин, Дан Колов, Харри Рам, Буриадын Ерөнхийлөгчийн цом, "Байгаль Опен", "Монголиа Опен" олон улсын "А" зэрэглэлийн тэмцээний алтан медаль, нэмээд насанд хүрэгчдийн Улсын аваргын 9 түрүү түүний медалийн цуглуулгад бий.