| | USD/MNT 0₮

Ш.Раднаасэд өнөөдөр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 500 гаруй иргэний нэрсийг зарлана

Нүүрсний хулгайн хэрэгт сэжиглэгдэж шалгуулахаар болсонд УИХ-ын таван гишүүн ихэд ууртай байгаа. Тэдний нэг нь гишүүн Ш.Раднаасэд юм. Тэрбээр өчигдөр Төрийн ордонд чуулганы танхимд "Жинхэнэ хулгайчдаа зарла" гэсэн уриа лоозон барьж мэдээлэл өгсөн. Шаардлагатай бол намаасаа гарч байгаад энэ асуудлыг шалгуулж, үнэн мөнийг тогтоож нэр төрөө сэргээлгэнэ ч гэж хэлсэн байгаа.

Мөн тэрбээр өнөөдөр бөмбөг тэсэлж, жинхэнэ эздийн нэрийг ч олон нийтэд зарлана гэдгээ мэдэгдсэн байгаа юм. Өчигдрийн чуулганы хуралдаан дээр "Эрдэнэс Тавантолгой” ХК-д онц байдал тогтооё гэхэд манай Засгийн газрын 5-6 гишүүн тогтоохгүй гээд хамгаалсан гэсэн. Хулгайгаа л нуух гэж байгаа биз дээ. Одоо энийг бид маргааш зарлана, шалгуулна. Зүгээр гэмгүй нөхдүүдийг нийгэмд, олны дунд аваачиж яллаад гарна гэж байгаа бол эндүүрэл шүү. Уучлаарай, УИХ дотор байгаа болон байхгүй 500 гаруй хүн гадуур бий. Хүний өөрийн намын. Эд нарын идсэн уусан тухай мэдээллүүдийг хүмүүс бидэнд өгч байна. Идэж уусныг нь зарлаад өгнө. Шалгаад, тогтоогоод өг гэж АТГ-г басамжилж байгаа юм шиг. Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа больчихоод алтаар авч хурааж байна гэж байгаа шүү дээ. Энэ худлаа биш шүү. Энэ бол хуулийнхны дунд яригдаж байгаа яриа. Чинбат аа/Улсын ерөнхий прокурорын орлогч/, чи үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Та нар ийм хүмүүсээ гаргаж ир л дээ.

 Яагаад цөөхөн хүний учрыг олж дийлэхгүй байгаа юм бэ. Гудамжинд зогсож буй залуусаас 20 хүн оруулаад гаргахад л юм нь явна даа. Аргыг нь зааж өгөөд, учрыг нь мухарлаад явуулахад болно. Чинхүү сэтгэл байхгүй учраас та нар ийм байдалтай байгаа байхгүй юу. Одоо боль оо. Ингэж авлигатай тэмцэхгүй. Яг тэмцье гэж байгаа бол гудамжинд нүцгэлж буй ард иргэд шиг бүх юмаа тайлж хаяад бүгд шалдан үз. Нэг хэсэг нь хуулиар, албан тушаалаар өөрсдийгөө хамгаалуулсан, нэг хэсэг нь гудамжинд авлигатай тэмцэнэ гэж ярина гэж байхгүй шүү" хэмээн уурласан юм.

Тэгвэл энэ хэрэгт тэрбээр яаж холбогдоод байгаа сэжим нь өөр харагдаад байна. Эрдэнэс тавантолгойн захирал байсан Б.Ганхуягийг танихгүй гэх ч тэрбээр Ариунболдтой холбогддог гэнэ. Түүнчлэн тэр хоёр нийлж Говь-Алтайд том зах худалдааны төв ч барьж байгаа гэсэн мэдээлэл байгаа ажээ. 

Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.