| | USD/MNT 0₮
Засгийн газраас хариуцлага шаардаж, шударга ёсыг нэхсэн ард түмний жагсаал суулт 10 дахь өдрөө үргэлжилж байна. Ард түмнийг нэгтгэж төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийлгэх болсон гол шалтгаан нь өнгөрсөн олон жилийн хугацаанд Монгол Улсаас урд хөрш рүү хулгайгаар буюу хууль бусаар их хэмжээгээр гаргасан нүүрсний гэх хэрэгт холбоотой хүмүүст хариуцлага тооцохыг шаардсан жагсаал байв. Эхний хоёр өдөр нүүрсний хулгайчдын нэрсийг зарла, хөрөнгийг нь хураа, хариуцлага тооц гэсэн жагсаал сүүлдээ чадамжгүй ажиллаж, ацын шалаанд орж гацсан “бөөрөнхий” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг ажлаа хийж чадахгүй байна гэсэн үндэслэлээр огцруулахаар иргэд “хөдөлж” эхэлсэн. Үнэхээр арга нь мухардаж, хулгайчидтай хуйвалдсан засаг байх юм бол хариуцлагаа хүлээгээд огцрох үндэслэлтэй.
Тодруулбал, шүгэлддэг гэх Л.Оюун-Эрдэнийг засгаа удирдаж чадахгүй, ард түмнийхээ эсэргүүцлийн жагсаалыг намжааж чадахгүй улам гал өрдүүлж байна гэж харсан. Тиймээс ажлаа өгч огцрохыг олон нийт шаардаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийг ажлаа хийж чадахгүй бол дараагийн хүндээ ажлаа нь хүлээлгэж өг гэсэн шаардлага эсэргүүцэл гарч эхлэнгүүт Ерөнхий сайдын багийнхан буюу түүнийг хүрээлэн тойрогчид түргэн авч, “Засгийг хэзээ ч унагааж болохгүй, хэрвээ Л.Оюун-Эрдэнэ унавал дараад нь сайд хийх хүн олдохгүй, өөр хүн гарч ирж чадахгүй” гэсэн мэссэжийг олон нийтэд өгч, баг хөлсөлж өөрийгөө илт өргүүлж, дэмжүүлсэн агуулгатай, захиалгат нэвтрүүлгийг Олон нийтийн телевизээр гаргаж, сошиал сүлжээнд өөрийгөө өрөвдүүлж сайн ажиллаж байгаа. Нүүрсний хулгайчидтай тэмцэх эхлэлийг анх Л.Оюун-Эрдэнэ сайд эхлүүлсэн мэтээр зохиол найруулгатай жүжиг тавьж эхэлсэн нь ард түмэнд таалагдаагүй нь үнэн.
Үнэхээр сайн ажиллаж байгаа бол өнөөдөр дээрх хүмүүстээ хариуцлага тооцож, хамар дороосоо алдсан хулгайчдаа олж ирж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Засаг төрийн үүрэг болчихоод байна. Өчнөөн хүнийг шалгаж байгаа гэх ч зарим нэг нь хилийн хориг тавиагүйгээс болж шалгана гэсэн сургаар хилийн дээс даваад аль хэдийнэ алга болсон. Харин нүүрсний гэх хулгайд нэр нь холбогдсон 10 гаруй гишүүний нэрс өчигдөр ил боллоо. Өнөөдөр хуулийн байгууллагаас хэн хэн хэрэгт холбогдож шалгуулж байгаа нэрсийг зарлана гэдгээ сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлсэн. Яг одоо байгаа Засгийн газарт нүүрсний хулгайч хоёр сайд байгаа гэх. Хэрвээ энэ баримтаар нотлогдвол Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ үг дуугүй огцрох үндэслэл болно. Ард түмнийхээ өмнө алдаагаа ухамсарлаж, хариуцлагаа хүлээх нь зүй ёсны хэрэг.
Сайн сайхан амьдрах боломжоо хулгайд алдсан ийм нийгмийг ард түмэн хүсээгүй. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт туйлдаж, ядарч зүдэрч байна. Хөхөө өвөл хасах 30 хэмийн хүйтэнд цементэн дээр хонож өнжин шударга ёс нэхэж, хариуцлага тооцохыг, алдагдсан боломжийг эргүүлж олж ирэхийг шаардаж байгаа ард түмнээ эрх баригч намынхан болоод эрхэм сайд түшээд эрх биш мэдэж байгаа. Ацын шалаанд орж, аргаа барсан Ерөнхий сайд нь танхимдаа юу бодож суугаа бол. Та нар цөөхүүлээ ч ард түмэн олуулаа гэдгийг бүү мартаарай. Учир нь Төрийн ордных нь гадаа шударга ёс нэхэж шаардсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, өндөр төрийн босгыг давж дайрч ороход бэлэн байгаа шүү гэдгээ өдөр бүр харуулж сануулсаар байгаа юм шүү.