| | USD/MNT 0₮
Хил, гааль, хууль хяналтын байгууллагынхан үүрэг чиглэл авч өчигдрөөс эхэлж “нүүрсний” гэх тодотголтой томоохон дуулиан тарьсан хэргийн эздийг олохоор эрэлд гарлаа. Тодруулбал, өчигдөр Ерөнхийлөгч хууль хяналтынхныг өрөөндөө дуудаж авчраад “Ажлаа хий, хийж чадахгүй бол огцруулна шүү” гэж ширүүхэн загнаад гаргасан. Үүний дараа ХЗДХ-ийн сайд тэд нартай уулзсан. Энэ үеэр НПГ-ын прокурор, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт хоёр мэдээлэл өгсөн.
Хамгийн гол нь өнгөрсөн 5-9 жилийн хугацаанд хил гаалиар хэдий хэр хэмжээний нүүрс бүртгэлгүй буюу хулгайн замаар гарсан бэ гэдэг нь өнөөдрийн байдлаар эцэслэн тогтоогдоогүй эзэн биегүй. Энэ хэргийг илрүүлэхэд 9000 гаруй нүүрс тээврийн жолооч нараас эхлээд шалгах олон хүн байгаа. Цаг хугацаа, хүн хүч орно гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн. Тэгвэл нүүрс тээвэр хийсэн машиныг хил гааль дээр бүртгэж, нүүрсний бүрдүүлэлт хийж, тамга тэмдэг дарж, хянаж шалгаж гаргах үүрэгтэй Гаалийнхан хаана юу хийж байсан бэ. Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэсэн тангарагтай тэд юу хийв. Магадгүй энэ хэрэгт хил гаалийнхан хамгийн хамаатай буюу хамтрагч, хамсаатан ч байж болохоор харагдаж байгаа. ГЕГ-ын даргын хэлснээр нүүрсний гэх хэрэгт хоёр хүнийг шалгаж байгаа гэнэ. Тэгвэл уг газрыг удирддаг Б.Асралт дарга Ажлын хэсэг орж, өөрийгөө өмгөөлж “Нэг ч хүрз нүүрс аваагүй, зараагүй шүү. Өөрийгөө шалгуулахад бэлэн” гэсэн тайлбарыг өгсөн нь олны дургүйцлийг хүргээд байна.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд хэдэн машин нүүрс бүртгэлгүй гаргасныг шалгаагүй, хэрнээ 2022 онд Ажлын хэсэг гаргаад арван машин нүүрс хулгайгаар гаргасныг тогтоосон гэв. Нэг жилд 10 машин нүүрс хулгайгаар гаргасныг тогтоосон бол 5-9 жилийн хугацаанд хэдэн машин нүүрс хулгайгаар буюу нууцаар хил гаалийнхан хуулийнхан нь хоорондоо хуйвалдаж гаргасан байж таарах вэ. Б.Асралт даргын хувьд хувьдаа завших, нүүрс хулгайгаар давуулах ямар нэг уул уурхайн компани байхгүй байж болно. Гэвч тэр албан тушаал, эрх мэдлээ ашиглан хэдэн мянган машин нүүрс хилээр гарахад гарын үсэг зурж, тамга дарсан байх магадлалтай. Яагаад гэвэл тэр Гаалийн ерөнхий газарт УИХ-ын гишүүн асан Сү.Батболдын хүргэн дүү гэдгээр олон жил “дархлагдсан” хүн. Тэрбээр гаалийн бүрдүүлэлтийн дарга, Гашуунсухайт дахь гаалийн газрын дарга нартайгаа хуйвалдсан байхыг үгүйсгэхгүй. Хардах эрхтэй ч хэн ч тэднийг шалгаагүй өдийг хүрч. ХЗДХ-ийн сайд нь Б.Асралтыг нүүрс хулгай хийж байхыг харсан юмуу гэж өмгөөлөв. Тэгвэл “Өөрийгөө шалгуулахад бэлэн” гэж хэлсэн Б.Асралтыг өнөөдөр хэн шалгах вэ. Хэдэн мянган машин нүүрс ачаад урт дараалал үүсгээд хилээр гарч байхад тэднээс нэг хэсгийг нь гаалийн бүрдүүлэлт, машин бүртгэлт хийхгүй гаргаад “бохир” мөнгө угаах эрх нь ГЕГ-ын удирдлагууд байсан гэхэд хилсдэхгүй. Тэд төрийн том хулгайчдын гар хөл болсон байж болно. “Нүүрсчдийн бүлэглэл” олон жилийн хугацаанд улсын хилээр 1.9 сая тонн нүүрс хулгайгаар гаргаж байхад тэд огт мэдээгүй, эсвэл зүгээр хараад сууж байсан байж огт таарахгүй юм. Тэгвэл Б.Асралт даргатай нэр холбогдсон хэргүүдээс тодруулъя.
ГЕГ-ын дарга Б.Асралтын нэр холбогдсон хэргүүдээс шүүж үзвэл
1.2 ТЭРБУМЫН ЗАМХАРСАН ХЭРЭГ: Б.Асралттай холбоотой хамгийн дуулиантай нь 1.2 тэрбумын хэрэг. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны тавдугаар сарын 17 ны 126-р тогтоолоор Б.Асралт нь 2017 оны гуравдугаар сарын 09-ны А/37, 2017 оны зургадугаар сарын 30 ны А/162-р тушаалаар удаа дараа хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосныг тогтоосон. Энэ нь эрх мэдлээ урвуулан ашиглаж нэр бүхий дөрвөн компанид сонгон шалгаруулах журам зөрчин, тусгай зөвшөөрөл олгосон хэрэг. Үр дүнд нь 1.2 тэрбум төгрөгийн татваргүй бараа орж ирж улсыг хохироосон. АТГ-ынхны хараанд өртөж, шалгагдаж байх хугацаандаа эл гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч 2017 оны 10 сарын 03-нд хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгосон байдаг.
ГААЛЬД ЗАМБАРААГҮЙ ОРОН ТОО НЭМЖ, ВАНТ УЛСАА БИЙ БОЛГОВ
Гаалийн дарга болонгуутаа Гаалийн ерөнхий газрын батлагдсан орон тоог даруй 37-гоор нэмэгдүүлж хэтрүүлсэн. Тухайн үед энэ тухай мэдээлэл дуулиан тасраагүй. Тодруулбал, Гаалийн ерөнхий газар 18, харьяа газар, хороодод 19 хүнээр орон тоо нэмсэн. Энэ нь өөрийн гар хөлийн хүмүүсээ ажилд авч, зах хязгааргүй татаас үүсгэсэн гэсэн үг юм.
Б.АСРАЛТЫН ҮЕД ЗАМЫН-ҮҮД ДЭХ АВЛИГЫН АСУУДАЛ ИЛ ЦАГААНДАА ГАРАВ
Өнгөрсөн 2019 онд гаалийн 34 ажилтан авлига авсан нь тогтоогдсон. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Энэ хэрэгт холбогдуулан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Д.Солонгыг мөн шалгаж эхэлсэн байдаг. Гэвч Б.Асралт албан тушаалдаа занхайсан хэвээрээ.
ГЕГ ГАРЫН САЛААГААРАА АЛТЫГ УРСГАДАГ НЬ ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ИЛРЭВ
Хөл хорионы улмаас хил хаалттай буй энэ үед Монголбанкны алт тушаалт огцом нэмэгдсэн. Монголбанкны 2020 оны эцсийн байдлаар худалдан авсан үнэт металлын хэмжээ оны нийт дүнгээр 23.6 тоннд хүрсэн нь 2019 оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдсэн гэсэн үг. Үүнд хууль бусаар алт хилээр нэвтрүүлэх нь буурсан хүчин зүйлс нөлөөлсөн болохыг Монголбанкнаас мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл гаалийн хяналт энгийн цагт цоорхой шүүр шиг ажилладагийн нэгээхэн нотолгоо. Жилд хэдэн тн алт гадагшаа урсаж байхад гаалийнхан “нүдэн балай чихэн дүлий” өнгөрүүлж байсан гэсэн үг. Тэрбум давсан хөрөнгөтэй Б.Асралт 2016 оноос хойш Сү.Батболдын ачаар гаалийн байгууллагыг өөрийнхөө “асрамжийн газар” болгон тансагласаар суух нь дээрх бүхний нотолгоо. Түүнийг улсын төсөв бүрдүүлдэг гол агентлагийг удирдаж суухад дээрх мэт хэргүүд гарсаар байгаа. Хуулийн байгууллага ч түүний өмнө хүчгүйдсэн мэт хөдлөхгүй, толгойг нь илсээр сууна.