| | USD/MNT 0₮

Өнгөрсөн шөнө угаарын хийнд хордож амиа алдсан эмэгтэй гурван сартай жирэмсэн байжээ

 

Нийслэлийн онцгой комиссын газраас угаарын хийн талаар цаг үеийн мэдээллийг хүргэлээ. 

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Өнөө өглөөний зургаан цагийн байдлаар угаарын хийн дуудлагаар эмнэлэгт таван том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Аравдугаар сарын 03-наас хойш нийт 364 хүн угаарын хийн дуудлагаар Яаралтын тусламжийн төвд хандсан, зургаан хүн амиа алдсан.

Өнөө өглөөний 08:32 цагт Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн дуудлага өгсөн. 10 минутын дараа тусламж очиход 25 настай иргэн Г нас барсан байсан. Үхлийн шалтгаан нь угаарын хий гэхэд хэцүү. Яагаад гэвэл хамт амьдардаг өндөр настай аав, ээж хоёр нь Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хэвийн. 

Нас барсан шалтгааныг шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үзлэг, шалгалтаар тодорхой болно" гэв. 

Тэгвэл амиа алдсан эмэгтэй гурван сартай жирэмсэн байсан талаар эгч нь ярьж байна.

Тэрбээр "Ээж нь гайгүй байгаа бол аав нь манарсан хордлогын байдалтай байна. Гэрт нь өглөө очиход цагдаагийнхан ирсэн хаалга үүдийг нь онгойлгосон байсан. Үүдэнд нь ороход сайжруулсан шахмал түлш түлсэн байна билээ. Хөөрхий талийгаач охин нь түргэн тусламж ирэхэд аль хэзээний өнгөрсөн байсан гэсэн. Талийгаач гурван сартай жирэмсэн байсан. Хоёр хүний амь сүйдлээ хэцүү байна. Гэр бүлийнхэн хүн нь Завхан аймагт ажилтай явж байх хойгуур ийм харамсалтай юм боллоо. Настай аав ээж нь охиноо амиа алдсныг мэдэхгүй байна.  Энэ сайжруулсан түлшний хий угаарт л цохиулсан гэж бодож байна. Энэ шахмал түлшийг түлүүлэхгүй бүр хориглочихож болдоггүй юмуу" гэв. 

 

О.Гал 

 

Өнөө өглөө угаарын хийнд нэг айлын гурван иргэн хордож, нэг нь амиа алджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.