| | USD/MNT 0₮
Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчдийн Төлөө Газар(ШӨХТГ)-аас хийж буй хяналт шалгалтынхаа үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Тус газарт орон сууцтай холбоотой гомдол ихээр ирэх болжээ. Тухайлбал, сүүлийн хоёр жил цар тахалтай холбоотойгоор барилгын ажил зогсонги байсан, түүхий эд, барилгын материалын үнэ өссөний улмаас гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй, төлбөрийн нөхцөл өөрчлөгдөж, үнэ нэмэгдсэн, ашиглалтад орсон боловч үл хөдлөхийн гэрчилгээг нь олгохгүйгээр банканд барьцаалсан, барилгын компани нь байгуулсан гэрээгээ цуцалж, давхардуулж худалдсан зэрэг зөрчил гарсан байна.
Эдгээр нь хэрэглэгчдийг онц ноцтойгоор хохироож байгаа тул ирсэн гомдлуудыг хуулийн дагуу цагдаагийн байгууллага болон иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун илэрхийлэв.
Мөн тэрбээр "Одоогоор бид 30 иргэний гомдлыг шийдвэрлэж, 60 сая төгрөгийн хохирлыг барагдуулаад байна. Он гарснаас хойш албан бичгээр 30 гомдол, Хэрэглэгчдийн мэдээллийн төвд 142 гомдол ирсэн.
Бичгээр ирсэн гомдлын ард 100-300 гарын үсэг байгаа буюу байраар нь хохироосон хэргүүд бий. Жишээлбэл, найман компани дээр нийт 10 мянган хэрэглэгчийн хохирол бий. Нэр бүхий найман компанийн барилга нь Хөгжлийн Банкны барьцаанд болон өмчид нь байдаг барилгууд. Гэтэл эдгээрийг давхардуулан зарсан, банкны барьцаанд тавьсан, өөр хүнд худалдан борлуулсан зэрэг луйврын шинж чанартай асуудлууд бий. Үүнээс харахад 700 барилгыг 2-5 хүнд давхардуулан худалдсан байна.
Иймд хэрэглэгчдийн хохирлыг шийдвэрлэх зорилгоор Хөгжлийн Банк, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн" гэв.