| | USD/MNT 0₮

С.Баярцогтыг намын дарга болгох сургаар АН-ын С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр сэм нийлж нэгдэж, намынхнаа бужигнуулж эхэллээ

Арван толгойтой атгаалжан хар мангасын үлгэрийг харуулж яваа Ардчилсан намынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнасан хэвээрээ байна. Учир нь Сангийн сайд асан С.Баярцогт гурав хоногийн өмнө хэвлэлд нээлттэй гарч ирснээс хойш АН-ынхан дотроо дахин “алалцаж” эхэллээ. Тодруулбал, АН, МАН хоёр нийлж гэмгүй “гэмтэн” С.Баярцогтыг намын дарга болгох тохироог сэм хийжээ. Түүгээр ч барахгүй намаа хоёр хуваачихсан, хонь чоно мэт харилцаатай байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга, намын дарга С.Эрдэнэ хоёрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон хүмүүс нь өчигдрөөс эхэлж нууцаар уулзаж, нийлж нэгдэх тохироогоо хийснийг намын зарим гишүүд эсэргүүцэж, хүчтэй дуугарч, тэмцэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, намаа наймаалцахыг намаасаа хөөгдсөн тэд эсэргүүцэж эхэлсэн байна.

Харин авлига албан тушаалын хэргээр олон жил шалгагдаад эцэстээ хэрэг нь Швейцарийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон гэсэн албан тоот бичиг баримт барьсан С.Баярцогт УЕПГ-ын гадаа хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, олон нийтэд “Би буруугүй шүү, улстөрд эргэн ирлээ” гэсэн утга илэрхийлсэн. Түүний ярианаас хэд хэдэн зүйл анхаарал татсан нь “Би хувь хүнийхээ болон улстөрчийнхөө хувьд ч улс төрд цаашид маш идэвхитэй байх болно" хэмээн онцлов. Ямартаа ч тэрбээр бүх хэрэг нь цагаадсан учраас албан ёсоор дохиураа цохиж улс төрд эргэн ирж буйгаа ийнхүү зарласан. Тэгвэл оффшор дансандаа хэдэн сая ам.доллараа ор тас мартсан хэмээн мэдүүлж байсан С.Баярцогт их хэмжээний мөнгөтэй, ам.доллартай. Түүний мөнгө эрх баригч нам болон Ардчилсан намынханд машид хэрэгтэй учраас тэд С.Баярцогтод хадаг барьж, хөл алдах нь аргагүй цаг үе болчихоод байна. Энэ бол нөгөө л улстөрийн танил технологи. Харин С.Баярцогт “булшинд” орсон намаа аврах амбицтай. Тэр амбицыг нь биелүүлэхэд Ардын намынхан ч туслахад бэлэн байгаа. Агуу лидер гэх тэрбээр ч дарга болох бэлтгэлээ хангаад эхэлчихэж.

Харин намын эрх баригчид болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга, дарга С.Эрдэнэ нарын хүмүүстэй нууц уулзалт хийсэн гэх. Тодруулбал, нам дотроо хэл ам хийж эхэлсэн гишүүдээ эхнээс нь хасчээ. Тухайлбал, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярыг огцруулж, И.Мөнхжаргалыг томилохоор болж, мөн ҮБХ-ын гишүүн М.Тулгат тэргүүтэй хэд хэдэн гишүүнийг том дуугарлаа хэмээн хасчихсан байна. Харин намын дарга С.Эрдэнэ Х.Баттулгын хүмүүстэй уулзаж ярилцсан зүйл байхгүй. Х.Баттулгын троллууд битгий мангартаарай гэсэн худал хариултыг өгсөн байдаг. Гэвч тэрбээр өнөө өглөө мэдээлэл хийж “ҮБХ хуралдаж зургаан дэд даргыг үүрэгт ажлаас нь бүтцийн өөрчлөлтөөр чөлөөллөө” гэсэн мэдээлэл өгчээ. Ийнхүү намынхнаа бужигнуулж, өөрт нь таалагдахгүй эсэргүүцсэн хүмүүсээ С.Эрдэнэ хөөж тууж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Баттулга болон эрх баригч намынханд, С.Баярцогтод тал засаж, намын тамга тэмдгээ наймаалцах нь тодорхой болов.

О.Баасанхүү:С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр намаар тоглохоо боль

Харин өчигдөр УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү мэдээлэл хийсэн. Тэрбээр “Улсын дээд шүүх манай намын дүрмийг хараад С.Эрдэнэ гэдэг хүн намыг төлөөлөх эрхгүй юм байна. Дөрвөн жилийн хугацаа нь дууссан байна, намаа сонгууль ялуулаагүй учраас цаашид сонгогдох боломжгүй юм байна, итгэмжлэлтэй төлөөлөгч байхгүй учраас гаргаж ир гэсэн. Гэтэл дээр байгаа Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр хоорондоо хуйвалдаан хийж Ардчилсан намыг хувийн компани болгох гээд байна. С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр эрүүгийн хэрэгт барьцаалагдсанаасаа болоод Ардчилсан намаар тоглоод байна. Одоо энэ хоёр нөхрийг боль гэж хэлмээр байна.  Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоор даргаа тодруулна. Намын шинэ дүрмээ Улсын дээд шүүхэд өгөөд батлуулчихсан байгаа. Тийм байтал дүрмийн бусаар хурал зарлалаа. Энэ хүн өглөө нь босоод орой нь хурал зарлалаа гээд дур зоргоор юм хийдэг. Тэвчээд хүлээгээд байхаар өөрөө муулаад байсан хүнтэйгээ тэврэлдээд авч байгаа. Х.Баттулга, С.Эрдэнэ ялгаагүй нэрээ цэвэрлээд ороод ир, С.Баярцогт шиг. Тун удахгүй Үндэсний бодлогын хорооны хурал зарлагдах гэж байгаа үед намын гишүүдийг хагалган бутаргах үйл ажиллагаа явж мэдэхээр байна” гэж мэдэгдлээ. 

М.Тулгат:Ардчилсан намыг наймаалцах юм бол С.Эрдэнэтэй алалцана шүү

Намд үүсээд байгаа асуудлын талаар АН-ын дарга асан М.Тулгат мэдээлэл өгчээ. Тэрбээр “АН-ын ҮБХ гишүүдийн чат групп дотор үзэл бодлоо хэлсэн чинь сая намайг хасчихлаа. За одоо амар, гадна талд тод чанга дуугараад явахаас даа. Хэрүүл нь дотроо байг гээд нэг их гадагш гаргадаггүй юм. Намыг наймаалцахыг санаархагч С.Эрдэнэ гуайд хэдэн үг дайя. С.Эрдэнэ гуайд хэлэхэд намыг хэн ч биш юу ч биш болгож байна. Нэг ч төгрөгөөр нам наймаалцахыг оролдож хүсэж байгаа байдлыг чинь нам цохино шүү. Энэ олон хүмүүсийн үнэ цэнэ капиталыг наймаа болгоод явах ёсгүй шүү” гэсэн байна.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.