| | USD/MNT 0₮
Би зүгээр хаагдсан хэргийнхээ материалд нэмж хүргүүлье гэж бодож байсан. Сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Тийм учраас зориуд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор нийслэлийн Ерөнхий прокурорын Тамгын газарт та бүхний өмнө гардуулж өгье. Энэ бол Швейцариас ирсэн албан ёсны герман хэл дээрх тогтоол. Дээрээс нь энэ тогтоолыг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулсан.
Монголын улстөрчид дунд ийм олон улсын хүчний байгууллагаар зэрэг зэрэг шалгагдсан улстөрч ховор гэж бодож байна. Манайхан өөрсдөдөө итгэдэггүй. Янз бүрийн шийдвэр гарахаар нөлөө орсон гэж үздэг. Швейцарь эрх зүйт төртэй, хууль дээдэлдэг улс. Ийм улсад хэргийг шалгаж, цагаатгасан явдалд туйлын баяртай байна. Монголын хууль хүчний байгууллагууд ч гэсэн хүн засагладаггүй хууль засагладаг эрин үе ирснийг харуулж чадлаа. Би анхнаасаа хэвлэл мэдээлэлд нээлттэй байсан. Өөртэйгөө холбоотой бүх мэдээллийг өгдөг байсан. Зургаан жилийн хугацаанд сайн муу нэр зүүж явсан ч үнэн нь дөрвөн улсын хууль хүчний байгууллагаар тогтоогдлоо. Хувь хүний хувьд маш их хугацаа. Энэ хугацаанд 500 гаруй хоног шоронд суусан. Өмнө нь улс төрд 30 гаруй жил зүтгэхдээ Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, нийгмийн асуудал, Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд төсөв, эдийн засгийн бодлогын асуудалд маш их анхаардаг байсан.
Ийм үйл явдал болсны дараа "Монгол Улс 32 жилийн хугацаанд Үндсэн хуулиа төгс төгөлдөр төлөвшүүлж чадаагүй юм байна. Хууль засагладаг тэр хэлбэрт оруул чадаагүй. Хүн засаглаж, хараат байсан юм байна" гэдгийг олж харсан. Тиймээс би улс төрийн цаашдын зорилтын хүрээнд хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллана. Цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал сэргэх болоогүй байна. Дэлхийн геополитикийн хувьд маш том өөрчлөлт орсон. Ийм үед бид эв нэгдэлтэй байж, хариуцлага, сахилга баттай байж, маш их хөдөлмөрлөж байж энэ хүндрэлийг давж гарна" гэв.