| | USD/MNT 0₮

Г.Тэмүүлэн: Улсын төсөвт ачаалал үүсгэж байгаа асуудал бол зээл тусламж, түүний хүүгийн татаас байна

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, нэг асуудал хэлэлцсэн талаараа мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Шинэ төслийн хөрөнгө оруулалтуудын тухайд, ирэх 2024 он болон ирэх жилүүдэд тухайн жилүүдэд санхүүжигдэх төсөв нь төсөвт өртгөөс 30 хувиас доошгүй байна гэсэн асуудал тавьж байгаа юм. Хүлээгдэж буй санхүүжилтийн дүн нь 1.5 их наяд. 2025 онд 233 тэрбум, нийлбэр дүнгээрээ дахиад энэ жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний, 2 их наяд төгрөгийн санхүүжилтийн асуудал үлдэж байна гэсэн үг. Бид мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, цаашид эдгээр асуудлууд дээр ачаалал үүсгэхгүй байх үүднээс шийдэх тодорхой шийдлийг Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиуд дээр хийх шаардлагатай байна гэсэн асуудал тавьж байгаа юм. Үүнд, бид Төсвийн тухай хуулин дээр хариуцлага, сахилга батыг сайжруулах тал дээр хоёр зүйл заалт оруулж өгч байна. Цаашдаа энэ заалтууд батлагдвал ирэх онуудаас эхлээд шинэ хөтөлбөр, төсөл арга хэмжээний асуудлууд кодлогдоно. Цаашдаа хяналтын системүүд хэрэгжээд явах бүрэн боломж бололцоо бүрдэж, хэрэгжээд явна гэж бид үзэж байна.

Хоёрдугаарт, шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийг ирэх 2024, ирэх жилүүдэд тавих тохиолдолд улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт хийгээд, барилга бүтээн байгуулалт, эсвэл тодорхой хэмжээний ажил үйлчилгээ хийж байгаа бол тухайн жилдээ энэ асуудал нь дуусдаг байх асуудлыг тавьж байгаа юм. Бүр цаад талын хугацаа нь 30 хувиас доошгүй гэхээр гурван жилийн хугацаанд тухайн ажил үйлчилгээ дуусдаг байна. Энэ жилийнх шиг тодорхой, магадгүй өнгөрсөн жилийн үүссэн Covid-19-ийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэйгээр төсөвт өртөг нэмэгддэг асуудлыг хязгаарлах, зохицуулах эрх зүйн орчныг хийж өгөх асуудлыг тавьж байна.

Мөн аж ахуйн нэгж байгууллагуудаас тодорхой хүсэлтүүд тавьсан. Тухайн төсвийн жил эхэлснээс хойш төр өөрөө зарласан ажил үйлчилгээ дээрээ төсвийн тодотголоор тухайн санхүүжилтийг бууруулдаг асуудлууд байна. "Бид ажлаа төлөвлөөд, банкнаас зээл аваад ордог. Гэтэл төлөвлөсөн ажил нь дөрөв, тав дахин багасаад, санхүүжилтийн дүн нь буурдаг, бид эргээд банкны хүүгийн дарамтад ордог нь төрөөс хамааралтай байна. Энэ алдаагаа засч өгөөч" гэдэг асуудал тавьж байгаа юм. Бид энэ асуудлыг цаашдаа төсвийн жил эхэлснээс хойш ямар нэг байдлаар төрөөс хийж буй ажил, үйлчилгээний санхүүжилтийг бууруулахгүй байх, аж ахуйн нэгжүүдээ хамгаалах үүднээс хязгаарлах заалтуудыг хориглох заалтууд оруулж өгч байна.

Мөн бид Төсвийн тухай хууль дээр төрийн үйлчилгээний байгууллагуудад өөрсдөө орлого олж, түүнийгээ захиран зарцуулах эрхийг нь нээж өгье гэсэн зохицуулалт хийж өгч байна. Төрийн үйлчилгээний байгууллагууд гэхээр та бүхэн ойлгож байгаа байх. Шинжлэх ухааны байгууллагууд, их дээд сургуулиуд, тодорхой төрийн үйлчилгээний байгууллагууд байгаа юм. Жишээлбэл, Газар тариалангийн хүрээлэнгээс бидний хэрэгцээ, шаардлагатай үр будааг нийлүүлдэг, бизнесийн үйл ажиллагаанд нь хэрэгтэй инноваци, технологи, шинжлэх ухааны судалгаануудыг хийж өгдөг байвал бидний ажилд хэрэгтэй байна гэж хэлж байгаа юм. Өмнөх Төсвийн хуулиар хориотой байсан зүйлийг нь одоо нээж өгөөд, төрийн үйлчилгээний байгууллагууд энэ чиглэлээр хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах, үйл ажиллагааг нь дэмжих, өөрсдөө ч тодорхой хэмжээнд орлого олох, захиран зарцуулах эрхийг нь нээж өгье гэсэн зохицуулалтыг хуулийн хүрээнд ажлын хэсгээс оруулж өгч байна. Энэ заалтууд байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдээд явна. Олонхийг саналаар дэмжигдвэл цаашдаа сахилга бат, хариуцлагын заалтууд хэрэгжээд явна.

Улсын төсөвт ачаалал үүсгэж асуудал бол зээл тусламж, түүний хүүгийн татаас байна. Энэ жилийн хувьд аваад үзэхэд, зөвхөн гадаадын зээл тусламжтай холбоотойгоор татааст 1.5 их наядын санхүүжилт гаргахаар байгаа юм. Мөн 1.8 их наядын гадаад зээл, тусламж зарцуулна. Иймд хөрөнгө оруулалттайгаа адил гадаад зээл тусламж дээрээ ч бид сахилга бат, хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр хяналтыг сайжруулах заалтууд оруулж өгч байна. Үүн дотроос онцолбол, УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал байна. УИХ-ын Дэгийн тухай хуулиараа өр зээлийн бодлогын асуудал Төсвийн байнгын хороонд хамаардаг мөртлөө эцсийн эцэст шийдвэр гаргалт нь Аюулгүй байдлын байнгын хороон дээр байдаг. Цаашдаа мэргэжлийн байнгын хороонд саналаа өгөөд, Аюулгүй байдлын хороо нь Төсвийн байнгын хороотойгоо хамтарч шийдвэр гаргадаг байх асуудлыг тавьж өгье гэсэн асуудал тавьж байгаа юм. Одоо бид өргөн баригдсан хуулийн хүрээнд үзэл баримтлал нь зөрчигдөхгүйгээр өөрчлөлтүүд оруулж байна.

Мөн ажлын хэсгээс төсвийн сахилга бат, олон нийтийн оролцоо, хяналт, гадаадын зээл тусламж дээр баримтлах бодлоготой холбоотойгоор тодорхой бие даасан хуулийн төслүүд өргөн барихаар нэгтгээд боловсруулсан байна. Тун удахгүй магадгүй дараа долоо хоногоос төсвийн хуулиудаа өргөн бариад, хэлэлцүүлээд явна. Тусдаа бие даасан байдлаар өргөн баригдах хуулиудын тухайд гадаад зээл тусламжтай холбоотой бодлого дээр тодорхой эрх зүйн орчин бий болгох үүднээс өнөөдөр байхгүй байгаа бодлогыг нь хуульчилж оруулж өгнө. Өнөөдөр гадаадын зээл тусламжийн бодлого Сангийн яаман дээр мөрдөгдөж буй журмын хэмжээнд явж байна. Тэр журам мөрдөгдөхгүй, амьдралд хэрэгжихгүй зохицуулалт зөндөө байна. Магадгүй эдийн засгийн тодорхой секторт зээл тусламжийн бодлогыг хэрэгжүүлдэг, хэрэгцээгүй зээл тусламжийг гаднын байгууллагуудаас авдаг, өндөр өртөгтэй байдаг зэрэг асуудлуудыг хязгаарлах хуулийн зохицуулалт, журмыг хуульчлах асуудлыг эргэж оруулж ирэхээр ярилцаад байна. Одоо өргөн баригдсан төслүүдтэй үзэл баримтлалын хувьд зөрчилдөхгүй.

Улсын төсвийн санхүүжилттэй холбоотой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээнд хяналт шалгалтыг ямар нэг байдлаар хийнэ гэсэн асуудлыг тавьж байгаа юм. Тухайн төслийн төсөвт өртөг, хэмжээ нэмэгдсэн, эргэлзээ дагуулсан байвал хяналт шалгалт хийнэ. Төсвийн хяналтын сонсгол хийдэг, олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэдэг байна гэсэн асуудлыг хуульчилж оруулж өгөхөөр тохирлоо.

УИХ-аас ажилласан ажлын хэсгийн хүрээнд Засгийн газраас өргөн баригдсан Төсвийн төсөлд тусгагдсан төсвийн алдагдлын хэмжээ 1.5 их наяд байгаа юм. Энд тодорхой хэмжээнд тэвчиж, бууруулж болох, дээрээс нь орлогын тооцоололтой холбоотойгоор Засгийн газраас оруулж ирэхдээ тодорхой хэмжээнд орлогын тооцооллыг бууруулж дарсан, өмнөх жилүүдийн дунджаас багасгасан, бодитоор нэмэгдэх боломжтой гэсэн орлогуудыг тооцоолж үзсэн. Бидэнд гурав, дөрвөн асуудал тулгамдаж байна гэж үзэж байгаа юм.

Нэгд, Монголбанкинд тушаах алтны хэмжээ. Төсвийн төсөл дээр нийт 17 тонн байна гэж тусгасан. Гэтэл Монголбанк 2020 онд 23.6 тонныг, 2021 онд 20.8 тонн байгаа юм. Covid-19-тэй, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байсан, дээрээс нь бензин түлж болоод тээвэрлэлтийн асуудлууд нэлээд хүндрэлтэй байсан жилүүд. Иймд ирэх жил бид доод тал нь 10-15 хувиар нэмэгдэх боломж бололцоо байна гэж үзэж байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгч чуулган дээр 20-22 тонн болгох боломж бололцоо байна гэж албан ёсоор мэдээлсэн. Бид үүнийг хамгийн боломжит хувилбараар тооцож, 2021 оны гүйцэтгэлтэй дүйцүүлж үзээд, Монголбанкинд тушаах алтны хэмжээг 20 тонноор тооцоход төсвийн орлого доод тал нь 30 тэрбумаар нэмэгдэх боломж бололцоо байна.

Мөн үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон газрын төлбөрийн хувьд 2021 онд төвлөрүүлсэн тоо хэмжээнээс нь нэлээн бууруулж оруулж ирсэн асуудал байгаа юм. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 131.8 тэрбум төгрөг, 2022 оны Төсвийн тодотголоор 158.8 тэрбум төгрөг байсан. Гэтэл 2023 оны төсвийн төсөлд 113.6 тэрбум төгрөг тусгасан байна. 40 тэрбум төгрөгийн зөрүү гарч байна гэсэн үг. Дээрээс нь газрын төлбөртэй холбоотой асуудал дээр 2021 онд 111.3 тэрбум төгрөг, 2022 оны төсвийн тодотголоор 170.7 тэрбум төгрөг байсан. Гүйцэтгэл сайн байна гэсэн үг. 2023 оны төсвийн төсөл дээр газрын төлбөртэй холбоотой асуудал хоёр дахин бага буюу 81.2 тэрбум байна. Ирэх онд эдийн засгийн өсөлт харьцангуй боломжийн түвшинд очно. Инфляци нэг оронтой тоо руу буурна, эдийн засгийн идэвхжил сайжирна гэдэг нөхцөл байдалд оруулж ирж буй тооцоолол, төсөөлөл бодитой бус байна. Бид энэ асуудлыг бодит байдалд нийцүүлж, 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн түвшингээр нэмэгдүүлэх саналыг тавьж байна.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.