| | USD/MNT 0₮
Улсаа барьцаалж, гадаад өрийг дээд цэгт нь тулгаж, хамгийн их мөнгөн дүнгээр тоглосон гэмт хэрэг бол дуулиант Хөгжлийн банкны хэрэг юм.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны байгуулан шалгасан. Энэ цаашилсаар улс төрийн өдөөн хатгасан шинж рүүгээ хэдийнэ хэлбийжээ.
Анх шалгагдаж эхэлсэн даруйдаа хөгжлийн банкны болон төрийн байгууллагын эрх бүхий 33 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 24 албан тушаалтан зэрэг нийт нэр бүхий 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байдаг.
Гэтэл эдгээр 61 хүнээс өнөөдрийн байдлаар хэд нь хариуцлага хүлээв. Тэгвэл анхнаасаа дуулиан дагуулан эхэлсэн шигээ зөв шалгасан уу гэдэг асуудал гарч ирээд буй. Угтаа бол яллагдагчаар татагдсан хүнтэй ял наймалцаж биш харин эхнээсээ боломж олгож, хууль санаачилсан хүн болон алдаатай хуультай нь тэмцэх нь зөв.
Мөн эхнээс нь зүй тогтлын дагуу улс төржилт, будлиан оруулахгүй шалгахаар бол Хөгжлийн банкны тухай хуулиас эхлэх ёстой. Хэн санаачилсан, Засгийн газар болоод улсаа батлан даагч болгох саналыг хэн оруулж ирсэн гэдгээс гэмт хэрэгтэн тодорхойлогдоно. Тэр болон тэд одоо хаана байна. Өдгөө болж өнгөрч буй үйл явдлыг харвал хэн ч тэдэнд хариуцлага хүлээлгэх саналыг гаргахгүй байгаа юм.
Хамгийн сүүлийн жишээ, ах дүү хоёрыг цагдан хорьсон асуудал гарснаар олон эргэлзээ дагуулдаг. Дүрмийн дагуу бол УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданд зээл олгохыг зөвшөөрсөн албан тушаалтнууд, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд бүгд хамт шалгагдаж, хоригдох ёстой байв. Яагаад гэвэл тэд бүгд нийлээд хамжигчдын тоонд нэгдэж гарын үсэг зурж, давуу байдал үүсгэж зээл олгосон. Гэтэл улс төрийн хатгасаар 61 яллагдагчаар татагдан шалгагдсан хүмүүсээс 2 хон хүнийг сугалж гаргаж ирж, шоронд оруулан цээрлүүлсэн. Түүний нэг нь Сахал хочит С.Эрдэнэбилэг.
Хөгжлийн банкны шийдвэр гаргах түвшний бүх суудалд Я.Содбаатарын ах дүүс ойрын хүмүүс сууж байсан. Тэд буруугүй гэж үү.
Хөгжлийн банкны хэргийг улс төрчид санаачилж, улстөрчид лобидож, тэд өөрсдөө зээл авсан. Гэтэл эргээд тэд өөрсдийгөө болон өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдээ шалгах эрхийг өөрсдөдөө өгчихсөн.
Түр хороо, ажлын хэсэг байгуулагдсан шигээ ажиллавал зээл авагсдыг бус зээл олгохыг шийдвэрлэсэн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хорьж шалгах нь зүй хэрэг.
Одоо харин бүх зээлдэгчидтэй хэлэлцээрт хүрч, зээлээ хэзээ, хэрхэн төлж болохыг нь шоронд хийх замаар айлгаж биш гарц шийдэлд хүрэх шаардлагатай байна. Үгүй бол хөгжлийн банк тойрсон улс төржилт асар их мөнгөний хэрэг хэзээ ч шийдэгдэхгүйгээр зогсохгүй зээл авсан аж, ахуй нэгж компаниуд дампуурснаар эргүүлэн авах ёстой өрийн хэмжээ нэмэгдсээр байх нь.