| | USD/MNT 0₮

Ө.Энхтүвшин:Дэлхий нийтийг цочроогоод байгаа коронавирус манайд илрээгүй ч, Монгол эрсдэлтэй орны тоонд орж байна

Дэлхий нийтийг цочроогоод байгаа шинэ коронавирусийн талаар Засгийн газар өнөөдөр шуурхай хуралдаж, зарим нэг арга хэмжээг шуурхай авлаа. Тодруулбал, их дээд сургуулиуд болон МСҮТ-ийг ирэх гуравдугаар сарын 02 хүртэл хаах шийдвэрийг гаргалаа.

Мөн дөнгөж сая Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Дэлхий нийтэд түгшүүр зарлаад байгаа коронавирусаар сэрэмжлүүлэх урьдчилан сэргийлэх ажлын талаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа. Монгол орон өндөр эрсдэлтэй орны тоонд орж байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстой гэж үзлээ.

1-т Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэсэн тоног төхөөрөмж, хувийн хамгааллын иж бүрдэл, богино долгиноны станц зэргийг худалдаж авах хөрөнгө мөнгийг гаргана.

2-т Энэхүү эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийг шууд худалдан авах гэрээг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл сайдад даалгалаа.

3-т Хил орчмын дэглэм болон хил хамгаалах, иргэдийн зорчих хөдөлгөөн, автотээврийн зорчих хэсэг, хил гааль дээр хяналт тавих ажлыг Гадаад харилцааны сайд болон ХХЕГ-ын дарга нарт даалгаж байна. Мөн БНХАУ-ын хилийн боомтоор явганаар болон автомашинтай зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

4-т Хичээл сургуулийн үйл ажиллагааг маргаашнаас эхэлж гуравдугаар сарын 02 хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргалаа. ЕБС болон цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийг хаалаа. Мөн Найрамдал зусланд зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглож байна.

5-т Хичээл сургалтын үйл ажиллагааг хаасантай холбогдуулан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг аймгийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгч байна.

6-т Цахим болон теле хичээл зохион байгуулахыг салбарын сайд Ё.Баатарбилэг, Харилцаа холбооны газрын дарга нарт даалгалаа.

Харин өнөөдрийн байдлаар Хятадын Ухань хотод 31 оюутан байна. Хятадын талтай ярьж, ажиллаж байна.Эдгээр оюутнуудыг шуурхай авчрахыг үүрэг болгосон учраас маргаашийн дотор авчрах ажлыг зохион байгуулна. Онгоц нисгэх байх. Иргэддээ бодитой мэдээлэл хүргэж, сэрэмжлүүлэг анхааруулгыг нэг шугамаар хүргэж байхыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгасан. Бодитой  мэдээ мэдээллийг ЭМЯ-наас шуурхай мэдээлж байна. Олон нийтийн сүлжээгээр яваад байгаа ташаа мэдээлэлд иргэдийг автахгүй байхыг хүсч байна” гэлээ.

Шинэ коронавирусийн талаар Засгийн газар өнөөдөр шуурхай хуралдаж, зарим нэг арга хэмжээг шуурхай авлаа. Тодруулбал, их дээд сургуулиуд болон МСҮТ-ийг ирэх гуравдугаар сарын 02 хүртэл хаах шийдвэрийг гаргалаа.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.