| | USD/MNT 0₮

ДАРГА НАРЫГ ЧАНГАЛСАН “ТӨСӨВ”

Сангийн яамнаас ирэх жил хэрэгжих Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслийг боловруулж дуусчээ. Монгол улс түүхэнд байгаагүй өөрчлөлтийг зориглон ирэх жил хийхээр төсөлд тусгасан тухайгаа Сангийн сайд Б.Жавхлан хэлэв. Тухайлбал, 2023 онд шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, өмнө нь хэрэгжүүлж эхлүүлсэн төслүүдийн дуусгаж үр ашгийг үзэх томоохон зорилтыг дэвшүүлсэн байна. Ингэснээр төсөл нэрээр олон тэрбум төгрөг салхинд хийсэхгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэгт хэмнэлтийн хуулийг баримтлан олон үр өгөөжгүй, өртөг өндөртэй зардлуудаа танаж чадсан нь том алхам боллоо гэдгийг эдийн засаг судлаачид хэлж байна. Бид олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьсан ч тойргийн эрх ашиг сонгуулиас сонгууль дамжсан амлалтаасаа салж чадахгүй өнөөдрийг хүрсэн нь гашуун үнэн. Үе үеийн төслийн хэлэлцүүлэгт яригддаг ч батлагдаад өнгөрдөг байсан хэд хэдэн зарцуулалтаа танаж ирэх жил Улсын төсвөөс халаасаа зузааруулж суудаг байсан олон дарга нарын бухимдлыг төрүүлж, чангалсан төсөв батлагдлаа. 

Мөн анхаарал татаж буй нэг өөрчлөлт нь өнгөрсөн жилүүдэд ихээхэн шүүмжлэл дагуулдаг байсан төсвөөр батлуулж чаддаг байсан Улсын их хурлын гишүүдийн тойрогтоо зарцуулдаг гурван тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт суулгаагүй. Энэ нь Улсын томоохон эрх ашгийг дээшлүүлсэн олон жил хумьж чадаагүй олон зардлуудаа хассан нэг том алхам боллоо. Мөн ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг энэ удаа онцолж байв.

Онцлох заалтуудаас хүргэвэл:

•Өнгөрсөн жил манай улс 10 их наядын  цогц бодлогыг дэвшүүлж хэрэгжүүлсэн.

•Тухайн үед Монгол улсын эдийн засаг -5.3 хувиар унасан үзүүлэлттэй байсан.

•Энэ оны эцэс гэхэд гурван хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна.

•2022 оны төсөв, тодотголын хамт түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж хэлж болно.

•Ирэх оны төсөв эдийн засгийг тогтворжуулж макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ  зориулагдана.

•Өргөн барьсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч инфляц нэг оронтой тоонд хүрч буурна.

•Ирэх  оны төсөв  эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ.

•Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ

•Амгалан дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад орно.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.