| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулжээ.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад "АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст Дарханы замтай холбоотой хоёр хэрэг байна. Нэг нь 2021 онд шалгаж эхэлсэн Азийн хөгжийн банкнаас зээл олголттой холбоотой замын багцын ажил. Нөгөөх нь 2022 онд Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хийж буй багцын ажлуудыг шалгаж буй.
Тендер сонгон шалгаруулсан, олгосон санхүүжилтийг хэрхэн яаж зарцуулж байгааг шалгаж байна. Та бүхний асуусан албан тушаалтныг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилсан нь үнэн. Дарханы замын дээрх шалгалтаар арван албан тушаалтныг холбогдуулан шалгаснаас найман албан тушаалтныг яллагдагчаар татсан. Гурван этгээдийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг холбогдогчийг баривчилсан" гэв.
Өнгөрсөн наймдугаар сарын 15-нд АТГ-аас мэдээлэл хийхдээ Дарханы замын тендер болон ажлын хэсэгт хамааралтай нэр бүхий албан тушаалтнуудын ажлын өрөө, гэр мөн шаардлагатай байж болох газруудад АТГ-аас нэгжлэг хийсэн талаар мэдээлж байв. Тодруулбал, ЗТХЯ-ны албан тушаалтнуудын гэр, албан өрөө, шаардлагатай газрууд зэрэг нийт 30 гаруй обьектэд нэгэн зэрэг нэгжлэг хийсэн байдаг.