| | USD/MNT 0₮

УЛС ТӨРИЙН НАМНАЛТ БА ЦАГААНДАА ГАРСАН ДЭЭРЭМ

Төрийн бодлого хэрэгтэй эдийн засгийн өсөлт, хүн амын ядуурал, хүүхдийн хүчирхийлэлд дарга нар мэдээллээ нуугаад амаа таглаад өнгөрдөг. Харин хийж хэрэгжүүлэх гэж хичээж, шинийг санаачилж бүтээн байгуулалт хийхээр хөдөлж буй шинэ үеийн залуусын компанийг мөнгө өгөхгүй бол намнадаг нийгэмд бид амьдарч байна.

Дарга ах нарын улс төрийн оролцоо ороод ирэхээрээ гацдаг олон төслийг бид санаж байгаа. Тэд үргэлж мөнгө нэхэж, өөрийн хүнээ даргаар тавих гэж дарамталж байнгын халамж, хайранд бөмбөрөх гэж бизнес эрхлэгчдийг дарамталсаар амташсан.

Хувийн хэвшлээ дээрэмдэх Төрийн дээрэм улаан цагаандаа гарсанг нотлох мэт үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөсөн.  Тодруулбал, “Дарханы арьс ширний цогцолбор ХХК” захирал Д.Энхбаярыг барьж хорьсон билээ. Учир нь тэрээр улс төрийн бүлэглэлд дээрэмдүүлэхгүй, зах зээлээ өгөхгүй гэж тэмцсэн бизнес эрхлэгчдийн энгийн нэг төлөөлөл. Тиймээс ч түүнийг үл ялих шалтгаанаар далимдуулан АТГ-т дуудан ирүүлж, прокурорын зөвшөөрөлгүй цагдан хорьсон нь олон бизнеснийхнийг айлган сүрдүүлсэн, сануулга болсон байдаг.

Үүний өмнөхөн Сахал хочит Д.Эрдэнэбилэгийг сүр бадруулан 461-ээр ангид цагдан хориод удалгүй тохироонд хүрсэн үү гэлтэй сулласан. Энэ мэт улс төрийн намнаа нь эцэстээ Улсын эдийн засгийн доош татаж, төлөвлөгөөт бүтээн байгуулалтыг цуцалсаар ирсэн.

Энэ намналтын түүчээг ХХААХҮ сайд асан З.Мэндсайхан маш сайн хэрэгжүүлж байгаад өдгөө суудлаасаа буугаад таг алга болсон. Уг нь тэрээр сайд байхдаа хэрэгжиж байсан томоохон төслийг гацаасан асуудлаар хариуцлага хүлээж АТГ-т шалгуулах ёстой хүний нэг мөн.

Бүтээн байгуулна, эдийн засгаа дээш татна гэж ард иргэдэд амлаад гарсан дарга ах нар өдгөө улсын биш өөрийн эрх ашгийн төлөө хүнийг шоронд хийж, амьдралыг самрах замаар санасандаа хүрдэгт хэн ч хариуцлага хүлээдэггүй. Үүнийхээ хариуд төсөл буруу байсан мэт, энгийн бизнес эрхлэгчид буруутай мэтээр олон нийтэд ойлгуулж Төрийн ордноос худал мэдээлэл тарааж намжаадаг. Эцсийн бүлэгт шоронгоос гарсан бизнес эрхлэгчид банкны өрөнд баригдсан, хамтрагч байгууллагууд нь гэрээгээ цуцалсан, улс төрийн хүрээлэлд гадуурхагдсан хүндхэн нөхцөлд гарч ирээд зоригтой нь дугарч, зориггүй нь хамгаа өгөөд чимээгүйхэн алга болдог жишиг тогтсон нь даанч харамсалтай. Өнгөрсөн жилүүдэд олон залуус Улс төрийн золиос болж хэлс хэрэгт гүтгэгдэн төслөө булаалгасан түүхийг сөхвөл дэндүү олон.

Энэ байдал Шинэ Засгийн газар байгуулагдсан ч хэвээр байгаа нь одоогийн Ерөнхий сайдын томилгоо буруу бас ажлаа муу хийснийх гэж олон залуус дүгнэж байгаа юм.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.